Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөсөн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчид бүртгэж, аж ахуйн нэгж, компаниудаас автобусны эргэн төлөлт, ашиглалтыг тооцон авч, санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаж байна. Нарантуулын нүхэн гарцны нөлөөлөлд өртсөн цэвэр, бохир усны шугам сүлжээний асуудлыг судалж, шийдэл гаргах үүрэг өгсний дагуу гурван хувилбарыг гаргажээ. Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Яармаг дахь Хангарди ордны Б блокийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Зорчигч тээвэр гурав” баазын барилгын угсралт, Яармаг дахь шинэ “Хангарди” ордны барилгын Б блокийн ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Зорчигч тээвэр гурав” баазын ажилд 11 компани оролцож байгаа бөгөөд 2019 оноос хойш үргэлжилж буй. Тухайлбал, уурын зуухын барилгын ажил болон шатахуун түгээгүүрийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 55 автобусны багтаамжтай хоёр гарааш бий. Энэ онд багтаан 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа эхний гараашийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нөгөө гарааш нь 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Баазын хашаа, дэд бүтцийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн даваанд 110 автобус орох боломжтой шинэ автобус паркийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулж байгаа. Автобусны хоёр паркийн ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна” гэв.
Мөн Яармаг дахь шинэ “Хангарди” ордны барилгын Б блокийн ажлын явц 89 хувийн гүйцэтгэлтэй байгааг хэллээ.
Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламж байгуулах бэлтгэл ажлыг хангана
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламжуудыг Улсын комисс хүлээн авах ажлыг эрчимжүүлэх,
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг очиж авч чадахгүй байгаа, алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэдэд үйлчлэх хүүхдийн явуулын үзлэгийг ажиллуулах ажлыг судалж, танилцуулах,
- Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлыг шийдвэрлэх,
- Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламжийг байгуулах бэлтгэл ажлыг хангах,
- Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,
- Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон дайчлан ажиллах резидент эмч нарт цалин урамшуулал олгох ажлыг судалж, танилцуулах
- “Тээвэр логистикийн оновчтой шийдэл” зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулан, биелэлтийг нэгтгэж, ажиллах зэрэг үүрэг даалгавар өгөв.