Өнгөрсөн сарын дөрөв дэх долоо хоногийн байдлаар Улаанбаатарт үхрийн цул мах кг нь дунджаар 17 989, үхрийн ястай мах 15 554 төгрөгийн үнэтэй байсныг нийслэлийн Статистикийн газраас баасан гарагт мэдээллээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо үхрийн ястай махны үнэ 0.3, үхрийн цул махных 0.4 хувиар хямдарсан дүн аж. Дээрх хугацаанд үхрийн ястай мах “Хар хорин” захад хамгийн хямд буюу 11 500, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр буюу 22 000 төгрөгийн үнэтэй байжээ. Өөрөөр хэлбэл, хаана борлуулж буйгаас хамаарч 10 500 төгрөгийн зөрүүтэй байсан гэсэн үг. Тэгвэл хонины ястай мах “Хар хорин”-д хамгийн хямд буюу кг нь 8800, “Саруул” төвд хамгийн өндөр үнэтэй буюу 18 000 төгрөгийн ханштай байсан гэнэ.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан, кг гурилын үнэ дээд зэрэг нь 2800-3100, нэгдүгээр зэргийнх нь 2200-2570, хоёрдугаар зэргийнх нь 1489-1800 төгрөгийн ханштай байв. Худалдан авагч олонтой “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захад шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ кг нь 2520-2720, нэгдүгээр зэргийнх нь 1950-2300 төгрөг байсан гэнэ. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2370-2530 төгрөгийн үнэтэй байжээ. “M-Mart” супермаркет эл талхыг хамгийн хямд буюу 2370, харин “Cансар”, “Оргил” супермаркет, “Саруул” төвд 2530 төгрөгөөр худалдаж байсныг мөн дурдлаа. Дээрх хугацаанд монгол төмсний үнэ 1.4 хувиар буурч кг нь 1517, монгол сонгинынх 2.7 хувиар өсөж 3219 төгрөгт хүрчээ.
Бэлтгэсэн: Б.Сонор