Улаанбаатар хотод нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийг нээлттэй зарлахад таван оролцогч материалаа ирүүлснийг нийслэлийн холбогдох албаныхан өнгөрсөн сарын 24-нд мэдээлсэн билээ. Тэдгээрээс БНХАУ-ын “Yutong bus” компанийг тендерт шалгаруулснаа нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй, ганц “Yutong bus” л тэнцсэн гэнэ. Тус компани 165.6 орчим тэрбум төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал ирүүлсэн юм байна. Ингэснээр нэг автобусны үнэ 275.9 сая төгрөг болох нь. Тендертэй холбоотойгоор ямар нэгэн гомдол, маргаан гарахгүй бол энэ онд багтаан эхний ээлжийн 300 автобусыг авах боломжтойг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлсэн. Нийслэлийн ЗДТГ-аас нийлүүлэгч талд 2023 онд үйлдвэрлэсэн, “Евро-5” стандартын хөдөлгүүртэй, -40 градусын хүйтэнд хөлдөхгүй, хана, тааз нь галд тэсвэртэй материалаар хучигдсан байх зэрэг 28 багц шаардлага тавьжээ.
Ташрамд дурдахад, “Yutong bus” нь БНХАУ-ын Хэнань мужийн Жэньжоу хотод төвтэй, 1963 онд автобусны засварын газар байгуулснаар үндэс сууриа тавьсан компани аж. Улмаар 1993 онд компани болон өргөжсөн бөгөөд өдгөө дэлхий дахинд автобусны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн 10 гаруй хувийг эзэлж буй юм байна. Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр тэд100 гаруй оронд автобус нийлүүлдэг аж.