Зудын эрсдэл 20 орчим хувиар нэмэгдсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Өнгөрсөн сарын 10-нд гаргасан үнэлгээгээр манай орны нийт нутгийн 50 хувьд зудын эрсдэл их байсан бол сарын сүүлчээр 69 хувь болж нэмэгджээ. Тодруулбал, Монгол Улсын нийт газар нутгийн 26 хувьд зудын эрсдэл нэн их, 43 хувьд их гарсан байна. Бага эрсдэлтэй нь нийт нутгийн ердөө таван хувийг эзэлжээ. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу хийсэн үнэлгээгээр өдгөө Баян-Өлгий аймгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Баянтэс, Тэс, Цэцэн-Уул, Архангайн Цэцэрлэг, Булганы Могод, Баяннуур, Гурванбулаг, Төвийн Эрдэнэсант, Дорноговийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Дундговийн Өлзийт, Хэнтийн Дархан, Галшар, Өндөрхаан, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Мөнххаан сумд өвөлжилт хүнд, цагаан зудтай байна. Мөн 12 аймгийн 48 сумд зудархуу байгаа аж.
Түүнчлэн нийт нутгийн 71 хувь нь цасан бүрхүүлтэй байгааг тогтоожээ. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг бүс, Хан Хөхий, Эрээний нуруу, Хархираа, Түргэний уулс орчмоор 20 см-ээс их, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутгаар 10-33, салхи шуурга ихтэй газруудад 60 см-ээс зузаан цастай байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УОК-оос өвөлжилтийн бэлтгэл ажлын үйл явцыг өнгөрсөн баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Мал аж ахуйн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85.7, аймаг, сумдын аюулгүйн нөөц бүрдүүлэлт 78.5 хувьтай байгааг Шадар сайд дурдав. 2023-2024 оны өвөл, хавар улсын хэмжээнд 18.8 мянган өрхийн 7.8 сая малыг отроор өвөлжүүлэхээр төлөвлөжээ. Малчдыг дэмжиж, мал, махыг эргэлтэд оруулах зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг орон нутагт зохион байгуулж эхэлснийг мэдээллээ. Улсын хэмжээнд 240 мянган тонн ногоон тэжээлийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оныхоос 40 хувиар илүү үзүүлэлт болсныг танилцуулав. Шатахуун хангамжид бэрхшээл үүсэж буй нь өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын нөхцөл байдлыг дордуулж болзошгүй тул асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч байгааг УОК-ынхан онцолсон юм.