Zarig.mn сайтын хандалтыг хязгаарлах шийдвэрийг прокурорын байгууллага гаргаж, журамд заасан үндэслэлээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус сайтын домайн нэрийг "Зөрчилтэй нэрсийн жагсаалт"-д оруулж, Монголоос нэвтрэх хандалтыг хаагаад байгаа билээ. Үүнийг эсэргүүцэж, тус сайтынхан тодорхойгүй хугацаагаар Сүхбаатарын талбай суулт зарлаад байсан. Тэгвэл сая суултаа зогсоожээ. Учир нь Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Г.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаяр нар ирж, маргааш буюу арванхоёрдугаар сарын 04-нд ширээний ард сууж ярилцахаар болжээ.
ХХЗХ-ны дарга Г.Чинзориг "Сайтын хандалтыг хаадаг газар нь Харилцаа холбооны зохицуулах хороо биш. Шийдвэрийг нь цагдаа, прокурорын байгууллага гаргаж, ХХЗХ нь шийдвэрийг л хэрэгжүүлэх үүрэгтэй. Бид өнөөдөр хуулиас давсан журам бус хууль дагасан журмыг хэрэгжүүлсэн. Би өнөөдөр ЦЕГ болон прокуроруудтай уулзаж, "Та бүхэн шийдвэрээ гаргавал би хязгаарлалтаа зогсооход бэлэн байна" гэдгээ илэрхийлсэн.
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайп Ж.Эрхэмбаяр "Прокурорын байгууллага хуулийн дагуу хүсэлтээ ирүүлсний үндсэн дээр хязгаарлалт хийсэн тул бидэнд өөр сонголт байхгүй. Гэхдээ сайтыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хугацаанд л хязгаарлана гэдгээ мэдэгдсэн. Харин дараагийн удаад ийм асуудал гаргахгүйн тулд бид ярилцах ёстой" гэсэн юм.