ZARIG.MN сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад сэтгүүлчид шаардлага хүргүүлж байна.
Сэтгүүлчдийн мэргэжлийн холбоодоос "Хэн нэгнийг шалгах нь нэг хэрэг. Гэхдээ шалгаж байгаа нөхцөлдөө сайтыг хаах буюу хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгааг эсэргүүцэж байна. Иймд шаардлагаа Харилцаа, холбооны зохицуулах хороо болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад хүргүүлж байна" гэв.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Өнөөдрийн тулгараад байгаа асуудал нь бидний үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, ардчиллын суурь зарчимд харшилсан үйлдэл болоод байна. Энэ бол анхны удаагийнх биш, өмнө ч олон удаа давтагдаж байсан юм билээ. ХХЗХ нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.14 дэх заалт, домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын зургаадугаар зүйл, интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу арга хэмжээ авсан бөгөөд хууль журмаараа манай яамны агентлаг биш тул надад мэдэгдэх үүрэггүй. Өөрөөр хэлбэл, ХХЗХ нь хууль хяналтын байгууллагаас үндэслэлээ ирүүлбэл хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд хязгаарлах эрхтэй. Үүнд би хөндлөнгөөс оролцож чадахгүй. Иймд лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, журмыг өөрчлөх тал дээр анхаарч ажиллая" гэлээ.