Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын Хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө. Дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд ногдуулж, суутгана гэсэн заалтуудыг оруулж өгчээ. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсгийн “өмнө хүлээсэн” гэсний дараа “татварын хуульд зааснаас бусад” гэж нэмсэн нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, татварын хувь хэмжээг тэгшитгэсэн зэрэг нь хөрөнгийн зах зээлийг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж холбогдох хүмүүс үзэж байна.
Харин Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, “Үнэт цаасны салбар сүүлийн 5 жилд хамгийн өндөр өсөлттэй байсан нь Засгийн газраас хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой. МХБ-ээр дамжуулаад арилжаа хийж байгаа. Ирэх оноос брокероор дамжуулан арилжих үйл ажиллагаа хэрэгжиж, МХБ, СЗХ, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагууд холбогдох 17 журам зааврыг мөрдөж байгаа. Нээлттэй компаниудын ногдол ашгийн татварыг 50 хувиар бууруулах зохицуулалтыг 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдсөн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч иргэн, хуулийн этгээдийн ногдол ашгийн орлого, бондын хүүгийн орлогоос олж буй татварууд 10 байснаа 50 хувь болж буурсан. Цаашид хөрөнгийн зах зээлийн өсөлтийг тогтвортой хадгалах, хөрөнгө оруулагчдад чиглэсэн татварын бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр ХХОАТ, ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Монголд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчид биржээр дамжуулан хөрөнгө оруулах нөхцөл бүрдүүлсэн” гэлээ.
Хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих, тогтвортой хадгалахад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах татварын тогтолцоог боловсронгуй болгох асуудал тулгардаг. Тэгвэл Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдах хууль тогтоомжуудад тодорхой өөрчлөлт орсон байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчийн дотоодын хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн адилаар тухайн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахад гарсан холбогдох зардлыг хасаж тооцохоор хуулийн төсөлд тусгасан.
Мөн Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа борлуулсны орлогод ногдох орлогын албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөхөөр нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Ингэхдээ хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон кастодианы үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь ногдуулж, суутган төсөвт төлж, тайлагнахаар тусгаад байна.
“Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор хөрөнгийн зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх онцгой ач холбогдолтой” гэлээ.