Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг Улсын Их Хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.
Хууль батлагдсанаар төрийн бүх шатанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих болон улсын салбарт хамаарах аливаа хуулийн этгээдийн зарим үйл ажиллагаанд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэхэд болно. Хуулийн үйлчлэлд төрийн бүх албан хаагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд тэдгээрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, мөн бүх шатлалын төсөв, тусгай сангууд, төсөвт авсан зээл, тусламжийн эх үүсвэр хамаардаг.
Хуульд төсвийн байгууллага, бүх төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, тэдгээрийн дарга, захирлын хангамж, зарим үйл ажиллагаа, түүнчлэн хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээ худалдан авалтад хориглох зүйлсийг тодорхойлж, төрийн бүх шатанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж ажиллахыг заасан. Хуулийн заалт нэг бүрийг ягштал хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрвээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээлгэж, ил тод мэдээлэх эрх зүйн орчин энэ хуулиар бий болсон нь сайшаалтай. Үүний үр дүнд Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж тодорхой үр дүнгээ өгч улсын төсөвт хэмнэлт гарган эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын газраас 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд 83.2 тэрбум төгрөг хэмнэгдсэн хэмээжээ.
Иймд дахин Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр өргөн барьсан. Хууль батлагдсанаар байгаль, цагийн уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед орон нутаг дахь төсвийн байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ. Мөн төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн горим үргэлжлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Тэгвэл бид тус хуулиар ямар ямар чухал зүйл заалт орсныг сийрүүлье.
- УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга нарыг хотын дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглосон. Тэд одоо шатахуун түлш ихээр зарцуулдаг өндөр үнэтэй жип автомашин хөлөглөхгүй.
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга байшин шинээр барихыг хориглосон. Үүгээр УИХ-ын гишүүдийн тойрогтоо барихаар төсөвт санал оруулсан Соёлын төв зэргийг барих шаардлагагүй гэсэн үг.
- Цэргийн албан хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглосон.
- Төрийн албаны дарга нарын гар утасны зардал, албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр, ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газар, өөрийн болон эхнэр, нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд очих ирэх замын зардал үгүй болжээ.
- Орон нутгийн Засаг захиргаанд хөшөө дурсгал, угтах үдэх хаалга зэргийг барьж байгуулах, урсгал зардлын шинжтэй хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалтын арга хэмжээ зэргийг хоригложээ.
- Коронагийн үед хэрэгжиж байсан сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулах зохицуулалтыг нэмэлт өөрчлөлтөөс тус хуулиас хассан.
- Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно.
- Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална. Тодруулбал, дарга нарын том том ширээ сандлуудыг халж, нэгэн стандарттай болгоно.
- Байгууллагын төсвөөр согтууруулах ундаа, бэлэг дурсгалын зүйл худалдан авах, нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөхийг хориглож байгаа юм.