“Монголын хөрөнгийн зах зээлийн уялдаа холбоо” сэдэвт үйл ажиллагааг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд энэ сарын 29-нд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Хонконг талаас Хонконг, Макао дахь Монгол Улсын Ерөнхий консул, Санхүүгийн үйлчилгээ төрийн сангийн хороо (FSTB), Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX)-ийн удирдлагууд, манай талаас Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, төр засаг, зохицуулагч байгууллагын зүгээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлогын талаар тодорхой мэдээллийг хүргэсэн байна. Мөн Монголын хөрөнгийн бирж Хонконгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлэн арилжаалах, хадгаламжийн бичиг гаргах асуудлаар хэлэлцэж, туршлагуудаасаа хуваалцлаа.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, дотоодын аж ахуйн нэгж компаниудыг Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх боломжийг бий болгох, хөрөнгийн зах зээлээр дамжуулан Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг таатай болгох, гадаадын хөрөнгө оруулагч нарын Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нөхцөлийг нэмэгдүүлэх асуудлыг хөнджээ.