Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд төвд хийсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах, дэд төвүүдийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвд бий болгосон дэд бүтцийг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах, эдийн засгийн эргэлт, бизнес болон соёлын орчин бий болгох, зөв төлөвлөлттэй суурьшлын бүс байгуулах зэрэг боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд:
-Зөвхөн нийслэлийн төсвөөр Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц барих боломжгүй. Гэр хорооллыг орон сууцжуулахад нийслэлийн холбогдох байгууллагуудаас гадна хувийн хэвшил, ногоон бүтээн байгуулалтыг дэмждэг олон улсын байгууллагуудын оролцоо чухал. Иймд эдгээр байгууллагын оролцоог жигд хангах, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар орчин үеийн хот төлөвлөлтийг стандартын дагуу хийх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:
-Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Дамбадаржаа, Толгойт дэд төвийг байгуулах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Сэлбэ дэд төвийн 20 орчим хувийг ашиглаж байгаа учраас тус дэд төвд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг ирэх онд эхлүүлэхээр бэлтгэж байгаа. НОСК-ийн зүгээс агаар, хөрсний бохирдол болон түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор шинэ суурьшлын бүсийг тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд анхаарч байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа хэмээлээ.
Мөн хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва Сэлбэ дэд төвийн талаар танилцуулав. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил бүрэн дууссан. Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажлын хүрээнд эхний 800 айлын орон сууц 2024 онд ашиглалтад орно. Харин Сэлбэ дэд төв дэх гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 158 га буюу 2003 нэгж талбарыг чөлөөлж, эхний ээлжид 12 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд тус хоёр дэд төвийн төлөвлөлтийн зураг төслийг олон улсын зөвлөх үйлчилгээ оролцуулан гүйцэтгэх шаардлага бүхий тендерийг зарлаад байна. Ингэхдээ олон улсын жишигт нийцүүлэн, ногоон орон сууцыг төлөвлөжээ. Сэлбэ дэд төвийн 12,000 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар газар эзэмшиж байсан өрхүүдээс гадна Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дарь-Эх орчмын айлууд орон сууцанд орох боломжтой болно. Орон сууцжуулахдаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг байгуулах бөгөөд 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь орон сууц байх стандартыг мөрдөх юм.