Улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг Базелийн засаглалын хүрээлэнгээс (Базел институт) жил бүр үнэлж, “Мөнгө угаахтай тэмцэх Базелийн индекс”-ийг гаргадаг. Эл индексийг зарлахад Монгол Улсын эрсдэл буурч, үнэлгээнд ахиц гарсан тухай Төвбанкнаас мэдээлэв. Тус байгууллага нь авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн болон компанийн засаглал, тэдгээрийн комплайнсын үйл ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг хураах, буцаах чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, бие даасан судалгааны хүрээлэн аж. Уг индексийг 2012 оноос хойш жил бүр гаргаж буй бөгөөд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ), “Транспэрэнси интернэшнл”, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагын олон нийтэд нээлттэй 18 төрлийн өгөгдөлд үндэслэн тооцдог гэнэ. Ингэхдээ эрсдэлийг тодорхой аргачлалаар тооцдог бөгөөд дэлхийн дундаж 5.31 гэж үнэлэгджээ. Манай улсын хувьд индексийн үзүүлэлт 2021 онд 6.09, өнгөрсөн жил 5.86, энэ онд тав болсон байна. 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсон үед Базел индексийн 20 дугаарт жагссан бол энэ жил эрсдэлийн үзүүлэлт буурч, 152 улсаас 83 дугаарт бичигджээ.
Бэлтгэсэн: Б.Сонор