Манай улсын шатахууны нөөц уржигдрын байдлаар 71 545 тонн болж буурсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Тээвэрлэлттэй холбоотой асуудал үүсээд байгаа” хэмээн өгүүлэв. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Монголд ирсэн бөгөөд шатахууны тээвэрлэлттэй холбоотой асуудлаар түүнтэй холбогдох хүмүүс уулзжээ. Хойд хөршийн зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй, “Роснефть” компани бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгааг дээрх комиссын дарга илэрхийлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Мөн “Өнөөдөр (өчигдөр) 117 вагон түлш, шатахуун хилээр оруулж ирнэ. Маргааш (өнөөдөр) 54 вагон хилээр нэвтрүүлэх талаар танилцуулсан. Өнөөдрөөс ирэх сарын 2-ны хооронд буюу ойрын дөрөв хоногт 350 вагон шатахуун оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудлыг шийднэ гэж үзэж байна” хэмээв.
Эргэн сануулахад, манай улсын шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас нь өнгөрсөн есдүгээр сарын 22-ны тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний экспортоо тодорхойгүй хугацаагаар хориглохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу дээрх өдрөөс аравдугаар сарын 6-ны хооронд тус улсаас манайд түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт саатсанаас шалтгаалж дотоодын зах зээлд хангамж, нийлүүлэлт доголдсон юм. Хэдийгээр аравдугаар сарын 6-наас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манайд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээсэн ч дотоодын зах зээлд өдий хүртэл шатахууны хангамжийг тогтворжуулж чадаагүй байгаа нь энэ.
Бэлтгэсэн: Б.Сонор