Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2022 оны XIX тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын боловсруулалтын талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан, Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилуулагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийв. Тэрбээр мэдээлэлдээ, ажлын хэсэг гурван хэсэг болж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 45, орон нутагт ажилладаг тав, нийт 50 үйлдвэрт хяналт шалгалт хийсний 39 нь дотоодын үйлдвэрүүд болохыг дурдаад, гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийн найм нь БНХАУ-ын, хоёр нь Итали Улсын, нэг нь Японы хөрөнгө оруулалттай компаниуд болохыш танилцуулав. Улсын хэмжээнд ноолуур угаах 34, хялгас ялгах боловсруулалт хийдэг 50, сүлжмэлийн 16, эдгээрийг цогцоор хийдэг 14 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улс 2023 оны аравдугаар сарын байдлаар боловсруулсан ноолуурын экспортоос нийт 250.5 сая ам.долларын орлого олоод байгаа бөгөөд угаасан 1.0 кг ноолуурыг 47.9 ам.доллароор, самнасан ноолуурыг 97.2 ам.доллароор борлуулж байгаа юм. Харин хялгас ялгахаас дээшхи шатны боловсруулалт хийж байгаа үйлдвэрүүдэд нийтдээ 4220 хүн ажиллаж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадалтай харьцуулахад 1584 ажилтан шаардлагатай байгаа аж.
Ажлын хэсгийн мэдээллийг сонсоод Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөсөн. Тогтоолын төсөлд, ноолуурын үйлдвэрлэл болон экспорттой холбоотой боловсруулалт, худалдааны техникийн зохицуулалтыг мөрдүүлэх, ноос, ноолуурын салбарын технологи хөгжүүлэлт, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад судалгаа, сургалтын байгууллага, үйлдвэрүүд, , төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч, хэрэгжилтийг 2024 оны намрын ээлжит чуулганд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна.