Дэлхий дахинд цахим худалдаа эрчимтэй өргөжиж байгаа нь Монгол Улсад далайд гарцгүй байдлаас шалтгаалан үүсдэг логистикийн бэрхшээлийг даван туулах, эдийн засгаа төрөлжүүлэх нэг боломжийг нээж байна. Дэлхий дахинд программ хангамж хөгжүүлэх, бизнесийн зарим үйл ажиллагааг гаднын этгээд болон компанид даатгаж хийлгүүлэх (аутсорсинг), цахим худалдаа, финтекийн үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн технологи ашиглан эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг зайнаас хүргэх зэрэг чиглэлээр эрэлт өндөр байгаа юм. Сүүлийн жилүүдэд цахим шилжилтэд ахиц дэвшил гарч байгаа хэдий ч Монгол Улс МХХТ-ийн үйлчилгээг хил дамнан үзүүлэх экспортын хувьд ижил төстэй улс орнуудтай харьцуулахад маш доогуур гүйцэтгэлтэй байна.
Тодруулбал, Монгол Улс цахим шилжилтийн индексээр 1С-ангилалд багтсан хэвээр байгаа нь МХХТ-ийн дэд бүтэц, үйлчилгээний өртөг, бизнесийн орчин, ур чадвар, инновац, нийгмийн хүртээмжийн чиглэлд томоохон сорилтуудтай тулгарч байгааг харуулна. Түүнчлэн, Монгол Улсын МХХТ-ийн үйлчилгээний экспорт 2021 оны байдлаар ердөө 31.3 сая ам.доллар буюу ДНБ-ий 0.21 хувийг эзэлжээ. Харин Армени, Молдав зэрэг улс ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэх цахим үйлчилгээг экспортолжээ. Тус салбарт эдгээр улс орнууд Монгол Улсаас илүү давуу талтай байгаа нь томоохон зах зээлтэй ойр байршдаг, чадварлаг ажиллах хүчний баазтай, интернэтийн холболт онцгой сайн, гадаад оршин суух нутаг нэгтнүүдийн сүлжээ цэцэглэн хөгжиж буй зэрэг хэд, хэдэн хүчин зүйлсээр тайлбарлагдаж байна.
Монгол Улсад харилцаа холбоо, интернэт нэвтрүүлэлтээр ахиц гарч байгаа ч цахим дэд бүтцийн хувьд томоохон саад бэрхшээлүүд бий. Тухайлбал, сүлжээний хурд удаан төдийгүй кибер аюулгүй байдал бүрэн хангагдахгүй байгаа талаар Дэлхийн банкны тайланд дурдагджээ. Мөн өндөр ур чадвартай ажиллах хүчний дутагдал цахим үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн, хууль, эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа нь тус салбарын хөгжлийг хойш татсаар байгаа юм.
Оюуны өмчийн болон мэдээлэл, өгөгдөл хамгаалах дүрэм журам, зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж, шударга өрсөлдөөний бодлого, олон улсын мэдээллийн гарцад холбогдох боломж, мэдээлэл хамгаалал болон эрх зүйн орчны хувьд томоохон дутагдал ажиглагдаж байна. Гэтэл хөрөнгө оруулагчид цахим бизнесийн үйл ажиллагаанд шинээр хөрөнгө оруулахдаа өгөгдлийн аюулгүй байдал, оюуны өмчийн эрхийг хамгаалах зохиогчийн эрх болон мэдээллийн нууцлалын талаар хууль журам, эрх зүйн зохицуулалтад нарийн анхаарал хандуулдаг юм.