Иргэн, айл өрх, албан байгууллага, аж үйлдвэр зэрэг хэрэглэгч бүрт цахилгааны хэмнэлттэй, үр ашигтай, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх зорилгоор “Тог-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нийгмийн нөлөөллийн аян эхлүүлснийг ЭХЗХ-ноос мэдээллээ. Эл аяны нээлт өчигдөр “ДЦС-3”-т болсон бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын томоохон байгууллагын төлөөлөл оролцсон юм. Өвлийн улиралд манай улсын цахилгааны хэрэглээ огцом өсөж, 17.00-22.00 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй эрсдэлтэй аж. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй гэлээ.
“Тог-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нөлөөллийн аяны хүрээнд цахилгаан хэмнэх энгийн арга, технологийн шинэчлэл, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар мэдлэг ойлголтыг тогтмол түгээх юм байна. Иргэн бүр энэ талаар мэдлэг, ойлголттой болсноор эрчим хүчний нийт хэрэглэгчид хэмнэлттэй, ухаалаг хэрэглээний зөв дадалтай болох ач холбогдолтойг мөн дурдав.
Бэлтгэсэн: Б.Сонор