Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 71 545 тонн шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас мэдээллээ. Үүнээс А-80 бензиний 2187, АИ-92-ын 24 392, АИ-95-ын 5071, дизелийн түлшний 36 464 тоннын үлдэгдэлтэй байжээ. Энэ нь А-80 автобензиний 13, АИ-92-ын 20, АИ-95-ын 25, дизелийн түлшний 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл гэсэн үг аж. Дээрх нөөцийн 5905 тонн нь баруун, 3789 нь Хангай, 15 789 нь төв, 3070 нь зүүн бүсэд байсан гэнэ. Эргэн сануулахад, энэ сарын 20-ны байдлаар манай улс 84 085 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан бол өдгөө ийнхүү багасаад буй юм. Тухайн үед А-80 шатахууны 14, АИ-92-ын 23, АИ-95-ын 27, дизелийн түлшний 19 хоногийн нөөцтэй гэж байв.
Манай улс энэ он гарснаас хойш өчигдрийн байдлаар 2.16 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон дүн гарчээ. Үүнээс А-80 бензин 20.5, АИ-92-ыг 616.4, АИ-95/98-ыг 18.4, ТС-1 (онгоцны түлш) 54.7, Жет А-1 түлш 42.9, бусад бүтээгдэхүүн 228.1 мянга, дизелийн түлш 1.18 сая тонныг импортолсон аж. Дээрх 2.16 сая тонн бүтээгдэхүүний 1.91 сая тонныг нь Сүхбаатар, 99 мянгыг нь Замын-Үүд, 78.7 мянгыг нь Цагааннуур, 66 мянгыг нь Эрээнцав, 12.3 мянгыг нь Боршоогийн боомтоор импортолсон байна. Энэ сард ОХУ-ын “Роснефть” компанид 120.6 мянган тонн бүтээгдэхүүн захиалсны 70 мянга нь дизелийн түлш, 49 мянга нь АИ-92, 1.6 мянга нь АИ-95/98 гэнэ. Өчигдрийн байдлаар замд 13.6 мянган тонн бүтээгдэхүүн тээвэрлэж буй дүн гарсны 7.66 мянга нь дизелийн түлш, 4.86 мянга нь АИ-92, 0.9 мянга нь ТС-1, 0.24 мянга нь АИ-95/98 гэдгийг мөн мэдээлэв.