Уул уурхайн салбарын экспортоор хөтлөгдсөн эдийн засгийн тэгш бус өсөлт 2023 онд улс төрчдөд “Төсвийн тэнцэл ашигтай гарсан” гэх үгээр оноо авах боломжийг олгосон. Бодит байдал дээр төлбөрийн тэнцэл эерэг дүнтэй гарсан хэдий ч энэ нь нийт эдийн засагтай харьцуулахад өрөөсгөл, “доголон” өсөлт гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайн салбарын нөлөөгөөр эдийн засгийн үзүүлэлтүүд өсөлттэй гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Тодруулбал, 2023 оны хагас жилийн эдийн засгийн өсөлтийн 90 орчим хувийг уул уурхайн үйлдвэрлэл болон экспортод гаргах тээврийн үйлчилгээ дангаараа эзэлжээ. Цар тахлын шалтгаанаар БНХАУ руу гаргах нүүрсний экспортод тавьж байсан хилийн хязгаарлалтууд суларч, нүүрсний олборлолт 2023 оны эхний гурван улиралд өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 3 дахин тэлсэн. Түүнчлэн, Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлсэн нь зэсийн олборлолтыг 19.9 хувиар өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна.
Энэ мэт уул уурхайн салбарын эерэг статистик 2023 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банкнаас 5.8 хувиар төсөөлөхөд хүргэжээ. Тус тоо ирэх жил 6.2 хувиар илэрхийлэгдэнэ. Ингэснээр Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлэх талаар Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн танилцуулж буй “Монголын эдийн засгийн тойм” тайлангийн шинэ дугаарт дурджээ.
Хамгийн сонирхолтой статистик нь төрийн байгууллагын хэрэглээ, улсын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн байна. Энэ мэтээр төсвийн зарлага нэмэгдсэн ч уул уурхайн салбараас орох орлого илүү давамгайлснаар улсын нэгдсэн төсөв энэ удаа ашигтай гарсан. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалтаас орох урсгал бага, арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл олгохдоо хатуу нөхцөл шаарддаг байдал хэвээр үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд эрсдэл багатай хэрэглээний зээлийг түлхүү олгон, бизнесийн болон ипотекийн зээл олголтыг хязгаарласаар байх нь ээ.
Уул уурхайн салбараас улсын төсвийн орлого нь хараат байдал олон жил үргэлжилсэн. Тиймээс гадаад хүчин зүйлсийн нөлөөлөлд автамтгай, түүхий эдийн үнийн хэлбэлзэл макро эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн. Хамгийн том аюул нь уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн өсөлтийн дараа хямрал тохиолдох, өсөлт удаашрах, мөчлөгт өртөмтгий байх эрсдэлийг дагуулдаг. Харин дээрх эрсдэлийг хохирол багатай даван туулах чиглэлд бодлогын арга хэмжээ авах, нэг салбараас хараат бус, тэнцвэртэй эдийн засгийн тогтолцоо, нөхцөлийг бүрдүүлэхэд дорвитой арга хэмжээ авах асуудал дахин сөхөгдөж байна гэсэн үг.
Энэ жил эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлдэг үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар агшиж, бусад салбарын идэвхжил харьцангуй сул байгаа нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, уналт орлогод бүрэн нөлөөлөх нөхцөлийг бий болгожээ. Энэ мэт бусад салбарын хоцрогдолтой дүр зураг ирэх жилүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна эдийн засгийн төлвийг бууруулах томоохон эрсдэлүүд бий. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх, нүүрсний оффтейк гэрээний тодорхой бус байдал зэргээс эрдэс баялгийн экспорт 2024 оны төсөвт хэчнээн төгрөгийг төвлөрүүлэх эсэх нь бүрэн хамаарна.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли “Уул уурхайн түүхий эдийн экспорт огцом тэлснээр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайжирч байна. Энэхүү эерэг нөхцөл байдлыг цаашдаа тогтвортой хадгалахад эдийн засгийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлт, бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал. Мөн үнийн хөөрөгдлийг үүсгэхгүйгээр өрхийн бодит хэрэглээг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын бодлого, зардлын үр ашгийг сайжруулах нь илүү оновчтой арга хэмжээ болно” гэдгийг тодотголоо.
Тиймээс төсвийн хуримтлалыг нэмэгдүүлж, төсвийн зардлыг бууруулах, валютын нөөцийг өсгөх, нийгмийн хамгааллын системийг үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах зөвлөмжийг Дэлхийн банкнаас өгч байна. Өөрөөр хэлбэл, 2024 онд төсвийн зардал тэлж, одоогоор ашигтай байгаа төсвийн тэнцэл эргэн алдагдал руу шилжих эрсдэл ажиглагджээ. Ингэснээр улсын төсөв ганцхан жил ашигтай гарч, төлбөрийн тэнцэлийн дарамт дахин үүснэ. Мөн сонгуулийн өмнө хүлээгдэж байгаагаас илүү хэмжээгээр төсөв тэлсэн тохиолдолд инфляцын дарамтыг улам дэвэргэж, импортын эрэлтийг нэмэгдүүлэн, улмаар 2024 онд урсгал данс болон төсвийн “хос алдагдал”-тай нүүр тулах аюул ч бий.