“Импортын барааны үнэ буурч байгаа ч эрэлтийн гаралтай үнийн дарамт хуримтлагдаж, инфляц өндөр түвшинд хэвээр байна” гэж Дэлхийн банкнаас үзэж байна. Тодруулбал, худалдааны томоохон хилийн боомтуудад нийлүүлэлтийн саатал үүсэж, тээврийн зардал нэмэгдэн, олон улсын зах зээл дээр эрчим хүчний болон хүнсний үнэ огцом өссөн. Мөн нэрлэсэн валютын ханш суларсан зэрэг нөлөөгөөр үнийн дарамт бий болж, 2022 он инфляц 13.3 хувьтай байсан. Харин 2023 оны есдүгээр сард дээрх үзүүлэлт 10.1 хувь хүрч буураад байгаа юм.
Гэвч хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 10 хувиар агшиж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн билээ. Ингэснээр дотоодод үйлдвэрлэгдсэн хүнсний үнэ тогтмол өсөж, инфляцид нөлөөлөх нэг шалтгаан болоод байна. Мөн төсвийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний нөлөөгөөр эрэлт талаас үнийн дарамт улам нэмэгдэх эрсдэл үүсжээ. Тиймээс эрэлтийн гаралтай инфляцын дарамтаас болгоомжлон Төв банк бодлогын хүүгээ сүүлийн зургаан жил хамгийн өндөр түвшинд барьж байна.