Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол удирдан өчигдөр явууллаа. НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн эл хэрэгт 2016 оноос хойш саяхныг хүртэл Баян-Өлгий аймгийн ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржан, 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан, АТҮТ-ийн дэд дарга зэрэг албан тушаал хашсан А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият, 2016-2020 онд ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаниш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, ИТХ-ын ажлын албаны эрх зүйн ажилтан Т.Аршагүль, Цэнгэл сумын Засаг дарга Д.Ербол, Цагааннуур тосгоны захирагч П.Есболат нарыг холбогдуулан шалгасан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 19.16-1 дэх хэсгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй талаар бид өмнө нь удаа дараа дэлгэрэнгүй мэдээлсэн. Дээрх хүмүүс Улаанхус, Дэлүүн, Сагсай сумд шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд казах нэрээр оруулсан нь тогтоогдсон гэдэг.
Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад мөрдөн шалгах ажиллагаагаар дахиж тодруулах зүйл байгаа гэж шүүгч үзэн прокурорын хяналтад буцаах захирамж гаргажээ. Бидний авсан мэдээллээр ҮАБЗ-ийн ажлын албанд ажиллаж байсан гэрч нараас дахиж мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн гэнэ. Уг нь гэрчээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинээр мэдүүлэг авах боломж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байсаар атал ийм шийдвэр гаргасныг прокурорууд эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандах биз ээ.