Ам.долларын ханш суларснаас шалтгаалж унци алтны үнэ өчигдөр 2009.69 “ногоон” болж дээшлэв. Энэ нь сүүлийн зургаан сарын дээд түвшин аж. Голлох валютуудын эсрэг “ногоон”-ы ханш сүүлийн хоёр сарынхаа доод түвшинд хүрсэн, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэхгүй гэж зах зээлд оролцогчдын олонх нь таамаглаж буй нь үүнд нөлөөлснийг “Reuters” уламжиллаа. Тус улсын бодлогын хүүгийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болох инфляцын үзүүлэлтийг энэ долоо хоногийн эцсээр танилцуулах хүлээлттэй байгаа юм.
“АНУ-ын энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт зэрэг статистикийг ойрын өдрүүдэд танилцуулах бөгөөд тэдгээр нь унци алтны ханш 2000 ам.доллароос дээш хэвээр байх, үгүйг шийдэхэд голлон нөлөөлөх болов уу” хэмээн Capital. com-ын санхүүгийн зах зээлийн шинжээч Кайл Родда дурдсан байна. Трейдерүүдийн олонх нь АНУ-ыг бодлогын хүүгээ ирэх сард өөрчлөхгүй хэмээн таамаглаж байгаа аж. Мөн зарим нь ирэх тавдугаар сараас бууруулна хэмээн төсөөлж буйгаа илэрхийлсэн гэнэ. Ташрамд дурдахад, манай улс 2023 оны эхний 10 сарын байдлаар 638.9 сая ам.долларын 10.21 тонн алт экспортолсныг УУХҮЯ-ны тайланд дурдсан юм. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс үнийн дүнгээр 201.6 сая “ногоон” буюу 24, биет хэмжээгээр 4.33 тонн буюу 29.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Эл бүтээгдэхүүний 88.1 хувийг Швейцар, 11.9-ийг нь БНСУ руу нийлүүлжээ.
Бэлтгэсэн: Б.Сонор