Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Green house”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, гэсэн дөрвөн багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Green house” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Эрчим хүчний хэмнэлттэй, нарны эх үүсвэрээс дулаан, цахилгаанаа шийдсэн амины орон сууц, хорооллыг олноор барих, иргэдийн амьдралд нэвтрүүлэхийн ашиг тус, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар бид өмнөх нийтлэлүүддээ дурдсан. Тэгвэл энэ удаа өрхийн болон улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөний талаар хөндлөө. Ингэхдээ эрчим хүчний хэмнэлттэй, дулаалсан болон дулааны алдагдалтай байшин, мөн гэрт амьдардаг айл өрхийн зардлыг харьцуулсан юм.
Чингэлтэй дүүргийн XIV хорооны иргэн Г.Аззаяагийнх 2021 онд 80 орчим ам метр талбайтай, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй байшин барьжээ. Байшингаа хямд зардлаар өөрсдөө барихыг хичээн, ам метрийг нь тухайн үед сая төгрөгөөр босгосон юм байна. Ямар материал ашиглах, аль зүг рүү харуулж ямар хэмжээтэй цонх гаргах, шал, таазаа дулааны алдагдалгүй байлгах талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан аж. Мөн худаг гарган, усан хангамж, халаалтаа шийдвэрлэн байшин дотроо ариун цэврийн өрөөтэй болжээ. Эдгээрт хоёр жилийн өмнө 100 орчим сая төгрөг зарцуулсныг Г.Аззаяа дурдлаа. Хэдийгээр цахилгаан, дулаанаа нарны халаалтаар шийдээгүй ч дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц өрхийн эдийн засагт өгөөжтэйг тэрбээр хэлэв. Түүнчлэн “Манайх нам даралтын зуух, бойлер, цахилгаан халаагууртай.
Бойлероор усаа халаан ахуйн хэрэглээндээ ашигладаг бол цахилгаан халаагуурыг ихэвчлэн шөнө асаадаг. Хэт хүйтэн өдөр нам даралтын зууханд сайжруулсан түлш түлж ханан пийшин болон паараа халаахаар тооцсон ч одоогоор зуухаа ажиллуулсан удаагүй. Учир нь зочны, унтлагын, хүүхдийн өрөөний таазнаас шал хүртэл хийсэн нийт дөрвөн ширхэг, тус бүр нь 7-8 ам метр хэмжээтэй цонх нарны тусгалыг сайн нэвтрүүлж, нар жаргатал тасалгааны хэмийг дулаан байлгадаг. Байшингаа Монголд үйлдвэрлэсэн чулуун хөвөн бүхий дулаалгын материалаар барин, дээвэр, шалаа сайн дулаалсны үр дүнд бараг 23.00 цаг хүрдэг тул шөнийн хөнгөлөлттэй тариф бүхий цахилгаанаар халаагуураа халааж эхэлдэг. Манайх дотроо чулуутай, дулаанаа удаан барьдаг зургаан халаагуурыг дөрвөн өрөөндөө байрлуулсан. Ингээд цахилгааны зардалд өнгөрсөн оны 11-2 дугаар сард нийт 500 000 гаруй төгрөг төлсөн. Хэрэв цахилгааны хөнгөлөлтөд хамрагдахгүй бол үүнээс бараг хоёр дахин ихийг төлөх юм билээ. Гуравдугаар сараас халаагуураа шөнөжин асаах хэрэггүй болж, байшин ч өдрийн наранд боломжийн халж ирдэг. 3-5 дугаар сард цахилгааны төлбөрт сард 50 000-60 000 төгрөг л төлдөг” хэмээн ярив.
Сүхбаатар дүүргийн XXI хорооны иргэн Ц.Мөнгөнсүхийнх мөн 80 орчим ам метр байшинтай. 15 жилийн өмнө барьсан уг байшингийн тааз, хананаас дулаан алддаг, цонх нь цантдаг юм байна. Нам даралтын зуухаар ханан пийшин болон халаагуураа халаадаг аж. Тэднийх өдгөө дан зуухаараа байшингаа халааж буй учраас долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш хүрдэггүй, айлуудаас нэмж худалдан авдаг аж. Өвөлд байшингаа халаахад төлж буй түлшний зардлын талаар Ц.Мөнгөнсүх “Манайх эрчим хүчний шөнийн тарифыг улсаас хөнгөлж эхэлснээс нэг жилийн дараа буюу 2018 оны өвөл дан цахилгаанаар байшингаа халаах гэж үзсэн. Байшин ерөнхийдөө хуучин, дулаалга муутай учраас өдөр, шөнөгүй халаагуур ажиллуулах хэрэгтэй болсон. Ид хүйтэн 12-2 дугаар сард цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаад ч нэг сая төгрөгөөс давж, гурван сард нийт 3.4 сая төгрөгийн эрчим хүч зарцуулсан.
Ийм өндөр төлбөрийг бид төлж чадахгүйд хүрч, хүсэлт гаргаж байж, сард 300 000 төгрөгт хуваан хавар, зунжингаа төлж дуусгасан. Талбай томтой, дулааны алдагдал ихтэй байшинг цахилгаанаар халаах хэцүү, бас хүчдэл голоод зарим халаагуур сайн халдаггүй юм билээ. Тиймээс өдгөө дан “Сайн” түлш түлдэг, хөнгөлөлттэй үнээр буюу зургаан шуудайг 22 500 төгрөгөөр худалдан авдаг. Өдөрт 2-3, долоо хоногт 18-20 шуудайг түлдэг гэхээр сард 300 000 гаруй төгрөгийг зөвхөн түлшиндээ зарцуулж буй. 11-2 дугаар сард зөвхөн сайжруулсан түлшинд нийт 1.5 саяас илүү төгрөг төлдөг гэхэд болно. Нэмээд нэг шуудай модыг 7000-8000 төгрөгөөр худалдан авч, хог, цахилгааны мөнгийг оролцуулбал гэр хороололд амьдардаг ч зардал их гардаг гэсэн үг. Хэрэв орон сууцад, эсвэл дулаалга сайтай байшинд амьдардаг бол өвөлд зардал арай бага гарах байх” гэв.
Харин Б.Оюунбилэгийнх Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороонд гэрт амьдардаг, хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Таван ханатай гэрт хоёр хоногт нэг шуудай мод, өдөрт нэг шуудай “Сайн” түлш түлдэг юм байна. Долоо хоногт долоон шуудай түлш, гурван шуудай мод худалдан авахад 50 000 гаруй, сард 200 000 орчим төгрөг зарцуулдаг аж. Энэ тухай Б.Оюунбилэг “Гэр бол өвөлд хамгийн тохиромжгүй сууц. Яаж ч галлаад амархан хөрдөг, агаарын хэм буурахад савтай ус хөлдөөд хонох нь энүүхэнд. Манайх унтахынхаа өмнө 23.00 цагийн үед нэг хувин түлш хийгээд 06.00 цаг хүртэл галладаггүй. Энэ хооронд гэр нэлээд хөрч хонодог. Мөн гэрт байнга нүүрс түлснээр тавилга, хувцас зэрэгт утааны үнэр шингэж, гэрийн мод ч харлан үзэмжгүй болдог. Ид өвлөөр хашаан дотор хоёроос цааш алхмын юмс харагдахгүй, утаа үүсэн, газарт тунасан байдаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь ойлгомжтой. Гэрээ дулаалж, дулааны алдагдлаа бууруулах зээлийг “Дулаан шийдэл” болон бусад төслөөс олгодог юм билээ. Цалин багатай учраас зээл авч гэрээ дулаалж, мөн цахилгаан халаагуур ашиглаж чадахгүй байгаа” хэмээн ярилаа.
Эдгээр өрхөөс харахад эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй байшинд амьдардаг айлын өвлийн улиралд түлш, цахилгаанд зарцуулах зардал харьцангуй бага байдаг аж. Харин гэрт болон дулааны алдагдал ихтэй байшинд амьдрахад түлшиндээ их мөнгө зарцуулаад ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, амьдралын чанар муу орчин бүрдүүлж байна. Нөгөөтээгүүр, манай улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 10 жилд жил бүр 7-8 хувиар нэмэгдэн, нийлүүлэлтээс давах болсон. Мөн цахилгаан үйлдвэрлэх зардал борлуулах үнээс ямагт бага байж салбарын хэмжээнд алдагдалтай ажиллан өр үүссээр удсан билээ. Зөвхөн гэр хорооллын өрхүүдийн шөнийн тарифын хөнгөлөлтөд гэхэд жилд дунджаар 35 тэрбум төгрөг төсвөөс зарцуулж байгааг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Иймээс айл өрх бүр аль болох амины ногоон орон сууцад амьдрахыг хичээх, гэр болон байшингийн дулаалгаа сайжруулахыг зорих хэрэгтэй юм. Үүнээс гадна ногоон, тав тухтай амины орон сууцад амьдрах нь өрхийн гишүүдийн, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилдөг гэнэ.
Тухайлбал, хүйтэнд гэр, байшингаа дулаан байлгахын тулд өдөржин санаа тавьж, галаа таслахгүй байхад анхаарах хэрэгтэй болдог. Дээр дурдсанчлан монгол гэрт амьдардаг айл шөнө буюу 23.00, эрт буюу 06.00 цагт галлах шаардлагатай, тэр бүрт үнсээ асгах хэрэгтэй болно. Үүнээс гадна борлуулж буй цэгээс нь очиж түлш авахад цаг зарцуулна. Хэрэв нам даралтын зуух халаах болбол ажил улам их байдаг аж. Харин аль болох эрчим хүч, дулааны хэмнэлттэй амьдрахыг хичээж байгаа нь зардал бага гаргах төдийгүй байгаль орчинд эерэг нөлөөтэй нь ойлгомжтой. Хүлэмжийн хий ялгаруулахгүй амьдрах зорилготой нэгэн гэр бүл Баянзүрх дүүргийн XX хороон дахь Гачууртын зусландаа 70.4 ам метр талбайтай, дулааны эрчим хүчний 95-96 хувийн хэмнэлттэй, амины ногоон орон сууц бариулж байгаа, явц нь хэрхэн үргэлжилж буйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Эл орон сууцын явц өдгөө 80 хувьд хүрсэн бөгөөд ирэх сарын 15-нд хүлээлгэн өгөхөө гүйцэтгэгч компани нь мэдэгдсэн аж. Тэр үед бид уг орон сууцын талаар мэдээлэл хүргэх болно.
Энд нэг зүйл дурдахад, орон сууцын ам метрийг нь гурван сая төгрөг гэхэд хямдхан хэмээх нь бий. Нийслэлд шинэ орон сууцын ам метрийнх нь үнэ дөрвөн саяд дөхсөн учраас тэр биз. Улаанбаатарт өнгөрсөн сарын байдлаар шинэ орон сууцын ам метрийн үнэ 2.6-4.26, дунджаар 3.95 сая төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Эл хугацаанд хуучин орон сууцынх дунджаар 3.47, хамгийн багадаа 2.54, ихдээ 3.89 сая болсон дүн бий. Тэгвэл ам метр нь 2.5-3.3 сая төгрөгийн үнэтэй амины ногоон орон сууцыг хаана ч босгох боломжтой тул улсаас заавал дэд бүтэц барих шаардлагагүй юм. Харин орон сууц барихад зориулж төр дэд бүтцийг нь шийдэхэд ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Бараг тухайн орон сууцын үнийн дайтай хөрөнгө гарган бохир, цэвэр, дулааны дэд бүтцийг байрных нь хажууд аваачих тохиолдол ч бийг барилгын компанийн мэргэжилтэн хэлэв. Дэд бүтцийнх нь зардлыг төр гаргачихсан тул эл зардал байшингийнх нь өртөгт шингэдэггүй. Тэгвэл дээр дурдсанчлан хаана ч барих боломжтой тул дэд бүтцэд зарцуулах хөрөнгийг хэмнэх ач холбогдолтой амины ногоон орон сууцыг дэмжих шийдэл бий. Эко машинаас татвар авдаггүй шиг ногоон байшин барихыг дэмжин татваргүй болговол иргэдийн сонирхлыг улам татах ач холбогдолтой. Багахан тооцоо хийж үзье. Ногоон байшин барихад 150 сая төгрөг зарцуулна гэж бодъё.
Татваргүй болгочихвол эл дүн 135 саяд хүрч буурна. Гэр хорооллын айлуудын хашаа руу дэд бүтэц татахад нэг айлд ногдох зардал нь 50-120 сая төгрөг болж буй гэсэн тооцоо бий. Дулаанаа татлаа гэхэд дулааны алдагдал ихтэй байшингаа халааж дийлэхгүй бол олон улсын төсөл, хөтөлбөрөөс татаас авна. Гэвч гэр хороолол цэгцгүй хэвээрээ үлдэж, нэг айлд бараг 150-160 сая төгрөг зарцуулчхаж байгаа юм. Дээр нь сар бүр дулааны төлбөр өгнө. Хэдий айл өрхүүдийн байшинг дулаалсан ч ДЦС алдагдалтай ажиллана, улсын төсвөөс дэд бүтцэд хөрөнгө зарцуулсаар л байна. Харин ногоон байшинд амьдарвал дулаанд зориулж төлбөр төлөхгүй. Бас зун бүр алт ухаж олох гэж буй аятай III, IV хорооллын шугам сүлжээг ахин дахин ухдаг шиг ажил болох ч шаардлагагүй. Өнгөрсөн жил сайжруулсан түлшинд зориулж 270 тэрбумын татаас өгсөн, зөвхөн утааг шийдэх нэрийдлээр жилд хэдэн зуун тэрбумыг цацдаг, сүүлийн 40 жил эрчим хүчний томоохон эх үүсвэр бариагүй тул цахилгаан хязгаарлах эрсдэлтэй, дулааныг нийслэлийн зарим бүсэд хангалттай нийлүүлж чадахгүй байгаа манай улс ийм байшин барихад дэмжлэг үзүүлбэл утаа, хөрсний бохирдол, иргэд орон байрныхаа асуудлыг шийдэн тухтай орчинд амьдрах ач холбогдолтой. Тиймээс амины ногоон орон сууцтай болох сонирхолтой хүмүүст ипотекийнхтэй ижил зээл олгоход анхаарах шаардлага бий.
Уг нь манайх шиг айл өрхүүд нь эсгий гэрээсээ салаагүй, хэт хүйтэн цаг агаартай улсад дулааны алдагдалгүй, эрчим хүч, түлшний хэмнэлттэй ногоон барилга байгууламжийн тоог нэмэгдүүлэх, ийм орон сууцад иргэдийг амьдруулах, барихыг улсаас дэмжихээ олон жилийн өмнөөс илэрхийлсэн. Үүний хүрээнд УИХ-ын тогтоолоор байгаль орчинд ээлтэй, эрчим хүч болон байгалийн нөөцийн хэмнэлттэй барилга байгууламж төлөвлөх, барих зарчим, үзэл баримтлалыг багтаасан “Ногоон хөгжлийн бодлого” баримт бичгийг 2017 онд баталж байв. Улмаар Ногоон барилгын хүрээлэнг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулж, ТББ-ын зарчмаар ажиллуулан, олон улсын стандартад нийцсэн тогтвортой засаглалтай болгох зөвлөмжийг 2019 онд гаргасан. Тус хүрээлэнгийнхэн өдгөө ногоон барилгын зэрэглэл боловсруулахаар ажиллаж буй юм билээ. Ингэснээр тухайн барилгын эрчим хүч, дулааны хэрэглээ, агаарын урсгал, гэрэлтүүлэг зэргийг загварчлах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн барилгын дулааны алдагдлыг физик, дотоод агаарын чанарыг химийн талаас нь томьёолж, материалын чанар, нийцлийг тодорхойлон манай орны байгаль, цаг уурын онцлог, агаарын хэмд тохирсон ногоон барилга байгууламж барих аргачлалыг бататган, гэрчилгээжүүлэх боломж бүрдэх аж.