Арваннэгдүгээр сарын 26-ны шөнө Украины тал Оросын таван бүс нутагт дроны асар том цохилт өгчээ. Энэхүү дайралтад дор хаяж 24 дроныг ашигласан байна.
Донецкд эрчим хүчний системийн байгууламжууд гэмтсэний улмаас нутаг дэвсгэрийн зарим хэсэг цахилгаангүй болж, дулаан хангамж тасалджээ.
Москва хот руу ч олон тооны дроны дайралт болсон ч халдах оролдлогыг таслан зогсоосон, бүх дроныг устгасан гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн байна.
Аюулгүй үүднээс Москвагийн "Внуково" болон "Домодедово" нисэх буудлууд түр хаагджээ.
Тула хотод дрон олон давхар сууц мөргөн дэлбэрч, нэг оршин суугч гэмтсэн байна.
Брянск, Калуга, Смоленск муж руу хэд хэдэн дронууд дайрсан ч бүгдийг амдан устгасан бөгөөд байшиг барилга болон иргэд гэмтээгүй аж.
Энэ цохилт нь Киев хот Оросын дроны дайралтад өртсөний дараа өдөр болсон бөгөөд Украины талын Оросоос өшөөгөө авна гэсэн амлалт байлаа гэж Украины хэвлэлүүд эх сурвалжийг дурдан бичжээ.