Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал энэ сарын 24-ний 19.00 цагт 1506 МВт-д хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 207 МВт-аар өссөн үзүүлэлт бөгөөд түүхэн дээд түвшин юм. Эргэн сануулахад, 2022 оны нэгдүгээр сарын 24-нд дээрх дүн өмнөх жилийнхээ мөн үеийнхээс 138 МВт-аар өсөж 1474-т хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байв. Тэгвэл ид хүйтэн эхлээгүй байхад цахилгааны хэрэглээ өдгөө дээрх хэмжээнд хүрлээ. Зарим мэргэжилтний тэмдэглэснээр манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал (бүх эх үүсвэр цахилгаан үйлдвэрлэлээ гэж тооцоход) 1430 МВт аж.
Гэтэл оргил ачаалал ийнхүү нэмэгдэж, хүчин чадлаас давсан хэрэглээг хангаж буй юм. Манай улс ОХУ-аас эрчим хүч их хэмжээгээр импортлох техникийн боломж байхгүй. Тус улсаас хамгийн ихдээ 310 МВт-ыг импортлох гэрээ байгуулсан талаар зарим эх сурвалж хэлэв. Хэрэв цаашид эрчим хүчний эрэлт импортын техникийн нөхцөлөөс давбал цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрэх аж. Ташрамд дурдахад, 80 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамж бүхий литий-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг 220/110/35 кВ-ын дэд станцад залгах туршилт өнгөрсөн баасан гарагт амжилттай болсон байна.