Монголын хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн биржтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Мongolian capital markets day 2023” арга хэмжээ өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотноо боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчид, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ үед хоёр улсын бирж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бирж хооронд давхар бүртгэл, хадгаламжийн бичиг зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргах, хоёр улсын хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхэд энэ арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхжил өндөртэй байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгөөс 10 их наяд төгрөг болж гурав дахин өссөн. Биржийн арилжааны хэмжээ нэмэгдсэн зэрэг олон эерэг өөрчлөлт гарсан. Мөн өнгөрсөн есдүгээр сард манай хөрөнгийн зах зээл олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн ангилалд орсон зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц нэлээдгүй өөрчлөлт гарсан. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас ч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг цаашид тогтвортой үргэлжилнэ гэсэн төсөөллийг гаргасан. Тухайлбал, Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг ирэх онд 6.4 хувь байна гэсэн бол Дэлхийн банкнаас 2024-2025 онд 6.3-6.8 хувиар өснө гэсэн урьдчилсан төсөөллийг хийсэн юм. Ингээд зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд эхний гуравт ордог Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран энэ арга хэмжээг БНХАУ-ын санхүүгийн зах зээлийн төв болох Шанхай хотноо зохион байгуулж байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахуйц томоохон ач холбогдолтой үйл явдал болж байна” гэдгийг онцоллоо.
Монголын хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн биржээс хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд БНХАУ-ын талаас 70 орчим үнэт цаасны компани болон хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл оролцлоо. Мөн энэ өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох албаны бусад хүмүүсийг Шанхайн хөрөнгийн биржийн дэд ерөнхийлөгч Ванг Бо хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцжээ.
Шанхайн хөрөнгийн бирж нь БНХАУ-ын хамгийн том хоёр хөрөнгийн биржийн нэг бөгөөд олон улсад зах зээлийн үнэлгээгээр гуравдугаарт /6.5 их наяд ам.доллар/, арилжааны эргэлтээр тавдугаарт /13.3 их наяд ам.доллар/, IPO-ны хэмжээгээр нэгдүгээрт /501.4 их наядам доллар/ эрэмбэлэгддэг юм байна.