Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна. БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо арваннэгдүгээр сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлж, цахим эдийн засгийн корридор байгуулахад шаардлагатай технологиудтай танилцаж, бодлогын шийдлүүдийг хэлэлцэв.
Бүс нутгийн цахим худалдааны сүлжээнд холбогдож, хамтын ажиллагааны боломж эрэлхийлэх зорилго бүхий тус айчлалын хүрээнд төлөөлөгчид Ant International, Alibaba-ийн төвөөр зочилж, цахим худалдааны экосистемийг хөгжүүлэх сургалтад хамрагдаж, Ханжоу хил дамнасан цахим худалдааны тусгай бүс, Freshippo хиймэл оюун ухаанд суурилсан, бүрэн автоматжсан супермаркет, Alibaba-ийн олон улсын цахим худалдааны ухаалаг агуулах Cainiao зэрэг байгууллагуудаар зочилж, туршлага судаллаа.
Мөн төлөөлөгчид цахим худалдааны экосистемд оролцогч 800 орчим компаниуд үзэсгэлэн гаргаж, 50,000 орчим зочид цугласан Global Digital Trade Expo-д оролцож, хамтын ажиллагааны санал солилцож байна. CAREC International Innovation Conference үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын зөвлөх Б.Тэмүүлэн Монгол Улсад цахим эдийн засаг хөгжүүлэх “Mining to Mind стратеги болон бүс нутгийн хамтын ажиллагааны боломж" танилцуулж, Gobi, Airee зэрэг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж оролцлоо.