Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахалж, дэд даргаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван ажиллаж, бүрэлдэхүүнд нийслэл, дүүргийн холбогдох 17 газар, хэлтэс багтаж байна.
Нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас байгалийн нөөц баялаг болон газрыг ашиглах, эзэмших, хамгаалах үйл ажиллагааг зохицуулах зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн 1999 оны 57 дугаар тогтоолоор Нийслэлийн ногоон бүсийн ашиглалтын журмыг баталж, 2005 онд нэмэлт өөрчлөлт оруулан, 2010 онд шинэчлэн баталжээ. Гэсэн ч уг журмын зарим зүйл, заалт шинэ үеийн нийгмийн харилцаа, бодит хэрэгцээ шаардлагыг зохицуулах боломжгүй байгаа учраас сайжруулах, шинэчлэх шаардлага бий болсон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгосон юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу арванхоёрдугаар сарын 15-н гэхэд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс ирсэн саналыг тусган, журмыг шинэчлэн боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Улмаар НИТХ-аар батлуулж, захиргааны хэм хэмжээний акт болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдэх юм. Одоогоор хоёр байгууллагаас журамд тусгах санал ирүүлжээ.