Өнөөдрийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8,2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн хүргэхээр зорьж, төмөр замын сүлжээнд 13 аймгийг холбох төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан. Энэ хүрээнд төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжихөөр зураглажээ.
Замын-Үүд, Алтанбулаг гэсэн эдийн засгийн ганцхан коридортой байсан бол Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридортай болж, нийт эдийн засгийн 3 коридорыг үүсгэхээр ажиллаж байна. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын 3 боомттой байгаа бол Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт 7 төмөр замын боомттой болохоор зорьжээ. Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу 5 дахин өснө.
Мөн БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох нөхцөл бүрдэнэ. Цаашид Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх гарцыг энд ярьж байна.
Энэ мэтээр нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт 180 сая.тн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох тооцооллыг гаргажээ.