УИХ-ын чуулганы үеэр шатахууны нийлүүлэлтийн талаарх асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа. Тэрбээр “Монгол улсын дизель түлшний нийт хэрэглээ сарын хамгийн ихдээ 92 мянган тонн, АИ92 52-53 мянган тонн байдаг. ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын 21-нд бензиний хориг олон улсад тавьсан. Хориг хоёр хоногийн өмнө л цуцлагдаж байна. Монголд тус хориг хязгаарлагдмал тавигдсан. “Роснефть” болоод “Газпром” гээд томоохон компаниудаар Монгол руу шатахуун экспортолдог. Бусад жижиг компаниуд шатахуун экспортлох боломжгүй байна. Бид 21 хоног дотоодын бүх нөөцөө шавхсан. Хилээр нэг ч тонн шатахуун орж ирээгүй. Тус хоригийг ганцхан Монголд тавиагүй. Монгол Улсын хувьд энэ байдлаас гарахын тулд Хятадаас дизель импортолж байна” гэлээ.
Мөн “АИ92-ийн хувьд байдал харьцангуй сайжрах түвшинтэй байгаа ч асуудал бий. Баруун аймгуудаар дизель түлшгүй хүндэрсэн байсан бол хоёр хоногийн өмнөөс Боршоо, Цагааннуур боомтоор дизель түлш орж ирсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам шатахуун дээр онцгой анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид Хятадаас 7.6 мянган тонн түлш импортолж, тус түлшээр уул уурхайн томоохон компаниудаа хангаж байна” гэлээ.