Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон байна. Үүнд оршин суугчид "Чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай боллоо" хэмээн баяртай багаа ажээ.
Баянзүрх дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн талбай 33-ийг байгуулахаар төлөвлөснөөс 31-ийг бариад буй. Ирэх онд үлдсэн хоёрыг нь байгуулахаар төсөвт суулгажээ. Мөн иргэдтэй нөхөрлөл байгуулж, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцуулсан байна.
Баянзүрх дүүрэг 435 мянган хүн амтай, нийслэлийн хамгийн том дүүрэг. Гэр хорооллын өрхийн тоо ч энэ хэрээр олон байгаа. Иймээс Сэлбэ, Дамбадаржаа, Дарь-Эх, Цайз, Шар хад дэд төвийн зарчмыг нийслэл цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөлт хийжээ. Өөрөөр хэлбэл, ирэх жил Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцны иж бүрэн хороолол байгуулахаар бэлтгэл ажлыг эхлэх гэж байна.