Улаанбаатар хотын 2024 оны төсвийн төслийг өчигдөр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2024 оны төсвийн төсөлтэй хамт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай төслийг мөн өргөн мэдүүлэв. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогыг 2.5 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. Уг дүн нь энэ оныхоос 29.9 хувиар өссөн байна. Орлогын дийлэнх буюу 93.1 хувийг нь татвараас, үлдсэнийг нь татварын бус орлогоор бүрдүүлэх аж.
Харин төсвийн нийт зарлага 2.3 их наяд төгрөг байх нь. Үүний 46.3 хувь буюу 1.1 их наядыг нь урсгал зардалд зарцуулах гэнэ. Харин 230.3 тэрбум төгрөгийг нийслэлээс улсын төсөвт татан төвлөрүүлэхээр тооцсон байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг хуваарилжээ. Үлдсэн 900 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд зарцуулах бололтой. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, нийслэлтэй холбоотой хуулиудыг хэрэгжүүлэхэд зарцуулахыг хотын дарга онцлов.
Бэлтгэсэн: М.Оч