Эрдэс баялгийн салбарын статистикийг энэ оны эхний 10 сарын байдлаар гаргаснаа УУХҮЯ-наас танилцуулав. Манай улс дээрх хугацаанд 1.27 сая тонн зэсийн баяжмал, 4.74 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 14.2 тонн алт, 3.98 сая тонн газрын тос, 138.6 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 850.1 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолсон байна. Энэ нь зэсийн баяжмалын нийлүүлэлтийн төлөвлөгөө 87.5, төмрийн хүдэр, баяжмалынх 56.3, алтных 68.6, газрын тосных 61.3 хувьд хүрсэн гэсэн үг.
Тэгвэл цайрын хүдэр, баяжмалынх төлөвлөснөөс давж 138.6, хайлуур жоншны хүдэр, баяжмалынх 212.5 хувьд хүрчээ. Үүнээс гадна манай улс энэ он гарснаас хойш өдий хүртэл 60 сая тонн нүүрс нийлүүлсэн нь төлөвлөснөөс 10 саяар илүү бөгөөд түүхэн дээд түвшинд тооцогдлоо. Дээрх хугацаанд эрдэс баялгийн салбараас төсөвт 6.79 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.43 их наяд буюу хоёр дахин өссөн дүн аж. Тодруулбал, 6.46 их наядыг нь (32.7 хувь) уул уурхай, олборлох, 252 тэрбумыг нь (1.3) газрын тосны салбар, 31.6 тэрбумыг нь (0.2) тусгай зөвшөөрлийн төлбөр, 45.9 тэрбумыг нь (0.2) бусад орлого бүрдүүлсэн байна. Эрдэс баялгийн салбар 1-10 дугаар сард Монгол Улсын төсвийн орлогын 34.4 хувийг бүрдүүлснийг мөн дурдлаа.
Бэлтгэсэн: Б.Сонор