Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.
Нийслэлийн үнэт цаас гаргах ажил хойшилсон тул уг эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон юм. Иймд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцож, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер хангамжийн тусгай зориулалтын машин механизм авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд зарцуулахаар баталсан билээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-НИТХ-аар нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталсан. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний энэ оны гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн олгох, ирэх жилийн санхүүжилттэй холбоотой зохих шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй уялдуулан ажлаа эрчимжүүлэх, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсон, уялдаа холбоотой, шуурхай ажиллахаар уг уулзалтыг зохион байгуулж байна. Тус төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр түгжрэл, төвлөрлийг задлах, хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулан, хөгжих эрхийг хангахад чухал үүрэгтэй юм. Эдгээр ажил нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч хөгжих эрхтэй холбоотой тул хурдан хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлагатай. Мөн хариуцлагыг сайжруулж, гэрээний хэрэгжилтэд ил тод хяналт тавина. Хугацаа алдаж, шалтаг тоочдог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Дунд шатанд гарч болзошгүй ашиг сонирхол, авлигын шинжтэй асуудлыг нийслэлийн удирдлагуудад дор бүр нь мэдэгдэх хэрэгтэй гэв.
Энэ онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэгт 130 мянган хүүхэд суралцаж байна. Харин төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургуульд 384 мянган хүүхэд сурч буй. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 90.2 хувьтай бөгөөд бүлэг дүүргэлт дунджаар 35, хотын төвийн сургуулийн анги дүүргэлт 50-аас дээш суудалтай байна.
Төсвийн тодотголоор сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 компани нийт 31 байгууламжийг ашиглалтад оруулж, 6500 орчим хүүхдийн ор, суудлын хүчин чадал нэмэгдэх юм. Тодруулбал, гурван сургууль, долоон цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, найман цомцог гэр байгуулж, дөрвөн цэцэрлэгийн барилга худалдан авах бөгөөд цахилгаан эх үүсвэрийн хоёр ажил гүйцэтгэнэ.