Ойрын өдрүүдэд нийт нутгаар цастай, салхи шуургатай байна. Энэ сарын 20-22-нд Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт их хэмжээний цас орж, хүчтэй салхи шуурга дэгдсэнээс орон нутгийн замд зорчиход хүндрэл үүсэв. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид автомашин цасанд суусан таван дуудлагын дагуу уржигдар үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 11 иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалжээ.
Цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбогдуулан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, “Авто тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг тогтмол түгээж, зарим чиглэлд зорчихгүй байхыг жолооч нарт зөвлөж байв. Уржигдрын 22.50 цагийн байдлаар Дархан-Уул-Улаанбаатар, Дархан-Уул-Орхон, Орхон-Булган, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын нөхцөл хүндэрснийг дээрх байгууллагуудаас мэдээлсэн. Мөн энэ өдрийн 21.00 цагт А0202 дугаартай, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг хааж, 22-ны 09.00 цагт нээв. Тус чиглэлийн замын 0-154 км-ийн хоорондох хэсэгт хүчтэй шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул орон нутгаас нь ийм шийдвэр гаргажээ. Өчигдөр 15.00 цагийн байдлаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн зам цас, халтиргаа гулгаатай ихтэй байлаа. Дундговь, Сүхбаатар аймгийн өмнөд, Дорноговийн баруун хэсэгт 5-6 мм цас орсон нь хамгийн ихэд тооцогдож байгааг цаг уурчид онцлов. Ташрамд дурдахад, Улаанбаатараас Хөшигийн хөндий рүү явах замын халтиргаа гулгаа, ачаалал нэмэгдсэн учир зорчигчдыг түгжрэхээс сэргийлэн, төлөвлөгөөт нислэгээс 2-3 цагийн өмнө“Чингис хаан” олон улсын нисэх буудалд очихыг агаарын тээврийн компаниудаас анхааруулав.
Бэлтгэсэн: Н.Мишээл