Улсын хэмжээнд уржигдрын байдлаар 84 085 тонн шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас мэдээллээ. Тодруулбал, үүний 2365 тонн нь А-80, 28 168 нь АИ-92, 5467 нь АИ-95, 42 699 нь дизелийн түлш гэнэ. Энэ нь А-80 шатахууны 14, АИ-92-ын 23, АИ-95-ын 27, дизелийн түлшний 19 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөц юм байна. Улаанбаатар хотод 53 600 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан гэнэ. Тэгвэл баруун бүсэд 6593, хангайнхад 4178, төвийнхөд 13 794, зүүн бүсэд хамгийн бага буюу 3476 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан аж. Дээрх нөөц нь энэ сарын 7-ны байдлаар манай улс 85 073 тонн шатахууны үлдэгдэлтэй байснаас бага үзүүлэлт юм. Тухайн үед А-80 бензиний 15, АИ-92-ын 22, АИ-95-ын 33, дизелийн түлшний 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байв. Мөн тэр үед дотоодын зах зээлд шатахууны хангамжийг тогтворжуулахаар ажиллаж буйгаа АМГТГ-аас мэдэгдсэн ч дорвитой үр дүн гараагүйг дээрх статтистикаас харж болохоор байгаа юм. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш манай улс 2.13 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон дүн гарчээ. Үүний дийлэнх буюу 1.16 сая тонн нь дизелийн түлш аж. Тэгвэл А-80 бензин 20.5, АИ-92-ыг 606.6, АИ-95/98-ыг 17.9, ТС-1 (онгоцны түлш) 53.5, Жет А-1 түлш 42.9, бусад бүтээгдэхүүн 226 мянган тонныг импортолсон байна.
Бэлтгэсэн: Б.Сонор