Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан метротой болох шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан. Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, 12 дугаар сард багтаан тендер зарлах үүргийг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо. Өдгөө Азийн 52 орны 50 нь метротой болсон. Бидний хөрш Өвөрмонголчууд метротой боллоо. Тиймээс метро барих нь хэцүү ажил биш. Цаг үе өөр болсныг иргэд ойлгох хэрэгтэй.
Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо урьдчилсан байдлаар хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа. Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа. 2028 оноос нийслэлчүүд метрогоор зорчдог болно" гэв.
Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар нэмж "Өнөөдрийг хүртэл манай метро барих ТЭЗҮ хийсэн тохиолдол байхгүй. Тиймээс бид 12 сард багтаж ТЭЗҮ, ажлын зураг, төсөв гаргуулах олон улсын нээлттэй тендер зарлана. Өмнө нь бүрэн дүүрэн биш урьдчилсан ТЭЗҮ хийж байсан юм билээ. Тиймээс метро барих асуудлыг яг ажлын дарааллын дагуу хийнэ. Эх үүсвэрийн хувьд Засгийн газар батлан даана. Энэ асуудлаар Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн банкны төлөөлөлтэй уулзсан" гэлээ.