Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн жил анх удаа 5000 ам.долларыг давсан билээ. Тодруулбал, эл дүн 5126 “ногоон”-д хүрсэн нь 2010 оныхоос буюу 13 жилийн дараа бараг хоёр дахин өссөн гэсэн үг. Сүүлийн хоёр жилд (2022-2023 он) уул уурхайн салбарын экспорт нэмэгдсэнээр нэг хүнд ногдох ДНБ ийнхүү дээшлэв. Тэгвэл дээрх тоог ирэх онд 6000 ам.долларт хүргэхээр зорьж байгаагаа Засгийн газраас мэдээлж буй. Хэрэв 2024 онд аз тохиож уул уурхайн бүтээгдэхүүний экспорт энэ жилийнх шиг нэмэгдвэл биелж магадгүй л юм. Гагцхүү эл үзүүлэлтээс гадна гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрч, төсвийн орлого төлөвлөснөөс давсан гэх өчнөөн “гоё” тоо хэлж хөөрцөглөж буй ч иргэдийн амьдралд нөлөөлж байна уу гэвэл үгүй. Харин ч худалдан авах чадвар нь муудаж, бизнесийн үйл ажиллагаа хумигдаж байгааг энд дурдаж болно. 2000 онд 20 000 төгрөг 18.58, дараа жил нь 14.74, 2020 онд 7.11 ам.доллартой тэнцэж байсан бол өдгөө 5.81 “ногоон”-той дүйх болсон талаар иргэд халаглаж буй. Жил ирэх тусам төгрөгийн ханш унасаар байгаа нь энэ. Энэ мэтчилэн үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор харж, арга хэмжээ авахгүй бол эрсдэл их. Үүний нэг нь дундаж орлогын хавх (middle income trap) юм.
ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛААС ГАРАХ ЁСТОЙ
Дундаж орлогын хавх гэдэг нь эдийн засгийн өсөлтийн эхний үеийн эерэг нөлөөллийг зөв ашиглаж чадаагүйгээс иргэдийн орлого нэмэгдэхгүй, ийм орлоготой орны түвшинд удаан гацах үзэгдэл юм. Үүний гол шалтгаан нь буурай хөгжилтэй дийлэнх улс хөгжиж буй орны статуст шилжээд бодлогын алдаа гаргах, популизмд автах зэргээс үүдэлтэй аж. Монгол Улсын хувьд ийм хавханд хэдийн орсон гэхэд болно. Учир нь манайх 2010-аад оноос буурай хөгжилтэй орноос хөгжиж буй улс руу шат ахисан. Ингэснээр бид олон улсын санхүүгийн зах зээлд эрх тэгш оролцож, өрийн бичиг гаргах боломж бүрдэн“Чингис” бондоо арилжиж байв. Тухайн үед уул уурхайн салбарын үйл ажиллагаа тэлж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн таатай цаг тохиосон билээ. Гэвч үүнээс хойш нэг хүнд ногдох ДНБ 4000-5000 ам.доллар орчимд гацсан нь дээрх үзэгдлийг илтгэж байгаа юм. Энэхүү эрсдэлтэй нөхцөлд хөгжлийн бодлого, төлөвлөлт тодорхойгүй байгаа нь ихээхэн нөлөөлж буй аж.
2004 оноос эхэлсэн улс төрийн популизм, түүний уршгаар бий болсон хавтгайрсан халамжийн бодлого ч үүнд сөргөөр нөлөөлсөн гэхэд болно. Мөн сонгуулийн тогтолцооны гажуудлаас үүдсэн улстөржсөн, тойрогт чиглэсэн төсөв хуваарилдаг нь үүнд нэрмээс болж байна. Тэгвэл үүнийг цаашид даамжруулахгүйн тулд төсвийн тэлэлтийг зогсоох, төрийн өмчийн эзэмшлийг бууруулах замаар эдийн засаг дахь оролцоог багасгаж, засаглалыг сайжруулахад юуны түрүүнд анхаарах учиртайг мэргэжилтнүүд тодотгов.
Үүнд суурилан халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, аж үйлдвэржилтэд анхаарах, авлигатай тэмцэх, ажил эрхлэлт, ядуурлыг бууруулах дорвитой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэнэ. Халамжийн бодлого нь иргэдийн хөдөлмөрлөх сонирхлыг бууруулж байгаа бол төсвийн хэт тэлэлт, төрийн том бүтэц нь хувийн хэвшлийнхэн хөгжих, бүтээмж нь нэмэгдэх орон зайг шахаж буй учраас тэр. Дундаж орлогын хавхнаас гарч чадахгүй, улмаар энэ нь даамжирвал улс төрийн популизм газар авч, үүний нөлөөгөөр засаглалын чадавх доройтон, иргэдийн амьдралын чанар сайжрахгүй, нэг түвшиндээ хэвээр байх эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, олон арав, зуун жил “хавх”-нд буй орнуудын алдааг давтаж болзошгүй.
Жишээлбэл, Мексик болон Латин Америкийн орнууд 200 орчим жил хөгжихгүй, иргэдийнх нь амьжиргааны түвшин, амьдралын чанар сайжрахгүй, популизм газар авах хандлагатай байгааг бид харж буй. Энэ нь хамгийн гол нь засаглал, улс төрөөс ихээхэн хамааралтай аж. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгууль болсон, Латин Америкийн гурав дахь том эдийн засагтай Аргентинд гэхэд инфляцын түвшин өнгөрсөн сард 142.7 хувьд хүрснийг “Trading economics”-ийн статистикаас харж болохоор байна. Мөн гадаад валютын нөөц нь хоосорч, бодлогын хүү нь маш өндөр, аргентинчуудын 10 хүн тутмын дөрөв нь ядуу амьдарч байгаа, мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом сулрах магадлалтайг “Reuters” мэдээлжээ.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн сард инфляцын түвшин есөн хувьд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Сүүлийн 29 сарын турш Төвбанкны зорилтот түвшнээс (4-8 хувь) хэтрээд байгаа нь энэ. Харамсалтай нь, инфляцын өсөлт амьжиргааны түвшин доогуур өрхөд илүүтэй нөлөөлж буй. Хамгийн сүүлд буюу 2020 онд гаргасан судалгаагаар ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн статистик бий. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг бууруулж, тогтворжих хүртэл мөнгөний хатуу бодлогыг хадгалах шаардлага үүсэж буйг Төвбанкнаас мэдэгдсэн. Эргэн сануулахад, яг гурван жилийн өмнө дээрх хүү зургаан хувь байсан бол өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш тасралтгүй өссөөр өдгөө 13-т хүрээд байгаа билээ. Мөнгөний хатуу бодлого үргэлжилбэл эдийн засгийн өсөлт иргэд, аж ахуйн нэгжүүдэд “наалдахгүй”. Иймээс төсвийн тогтвортой, мөнгөний ухаалаг, хувийн хэвшлээ дэмжсэн, гадаадын хөрөнгө оруулалт татахад чиглэсэн бодлого баримтлах шаардлага бий.
Сангийн яамнаас ирэх оны төсвөөр дамжуулан иргэдийн орлогыг хамгаална гэж буй. Өндөр настны дундаж тэтгэврийг 685.6 мянгаас 785.6 мянган төгрөгт хүргэнэ, төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулж 10 хувиар нэмэх зэргийг хэлж буй бололтой. Энд нэг зүйл хэлэхэд, төрийн албан хаагчдын цалинг өсгөхөд хувийн хэвшилд ажиллаж буй иргэдэд зарим талаар хохирч байгаа юм шиг санагддаг аж. Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал “Бүтээмж дээшлээгүйгээс үл хамаарч цалингийн “хөөс” бий болоод буй нь бидэнд хүндрэл учруулж байна.
Зарим орны төсвийн орлого тогтвортой байдаг. Харин манайд уул уурхайн экспорт, түүхий эдийн ханш, орлогоос хамаарч савладаг. Эдийн засгийн савлагааг манай улс магадгүй 1-2 удаа даваад гарч мэднэ. Үүнээс цааш бол чадахгүй. Аж ахуйн нэгжүүдээ хамгаалахын тулд нийгмийн даатгалын шимтгэл, инфляцыг бууруулах зэрэгт анхаарах нь чухал байна. Инфляц нэмэгдсэн тул ажилтнууд өндөр цалин авахыг хүсэх нь мэдээж. Нөгөө талаар хэдий цалин нь өссөн ч инфляцад “идэгдчихээр” тэдэнд чанарын ялгаа гарахгүй байна. Энэ нь ажилтнуудаа тогтвортой ажиллуулахад ч бидэнд сорилт учруулж байгаа. Төр хувийн хэвшлийнхэнтэй өрсөлддөгийг ч өөрчлөх шаардлагатай. Япон, БНСУ зэрэг оронд ажиллах хүч өндөр үнэтэй болсон үед компаниудын бүтээмжийг дэмжихийн тулд гадаадаас боловсон хүчин оруулж ирж байсан. Энэ нь зардлаа бууруулахад нөлөөтэй. Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх нь зүйтэй санагддаг.
Гэвч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үүнийг хязгаарласан юм билээ. Мөн Хөдөлмөрийн, Хөрөнгө оруулалтын тухай хуульд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй болно” гэв. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгахын тулд инфляцыг бууруулж, нам, тогтвортой түвшинд барих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ёстойг Азийн хөгжлийн банкнаас өмнө нь сануулж байлаа. Гэвч ажиллагсдын тоо өсөхгүй байгаа юм. Манай улсад энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1.16 сая иргэн ажил эрхэлж байв. Эл хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.5 хувь байсан нь чамлалттай тоо. Чанартай ажлын байр, түүнийг бий болгох хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих шаардлага үүссэн нь эндээс харагдаж буй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тэдний үүрэг оролцоо, дэмжлэг чухал гэдэг нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр, манай улсын иргэдийн насны бүтцэд хөдөлмөр эрхлэх бус насныхан давамгайлах цаг айсуй гэдгийг мартаж болохгүй.
САЛБАРУУДАА ЖИГД ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
Эдийн засагч Н.Энхбаяр “Дундаж орлогын хавханд орсон нь эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Манай улсын эдийн засаг энэ оны эхний есөн сарын байдлаар 6.9 хувиар өсөхөд уул уурхайн салбар голлон нөлөөлсөн. Бусад салбар жигд хөгжихгүй байна. Банк санхүү, уул уурхайн салбараас бусад нь цалингаа нэмэх боломжгүй. Төрийн албанд бүтээмжээс үл хамаарч цалин нь өсөж байна. Зүүн өмнөд Азийн орнуудад уул уурхайгаас гадна бусад салбар нь жигд хөгжсөн учраас цалингаа ч жигд нэмэх боломж бүрддэг. Түүхий эдийн нөөцтэй орнуудаас Чили, Катар, Кувейт гурваас өөр дундаж орлогын хавхнаас гарч чадсан орон байхгүй болов уу. Чилид Тогтворжуулалтын, Норвегт Тэтгэврийн сан бий. Орлогоо хуримтлуулаад хөрөнгө оруулдаг, баялаг бүтээдэг, эдийн засаг нь хүндэрсэн үед түүнийгээ ашигладаг. Харин манайх түүхий эдээс хамааралтай, буруу хуваарилалт хийдэг буюу зөв зүйлдээ хөрөнгө оруулдаггүй, халамж тараахаа урьтал болгодог” хэмээв. Өдгөө Монгол Улсын эдийн засаг ганц салбарын өсөлтөөс хамаарч буй билээ. Энэ оны эхний 10 сард манай улсын экспортын 56.5 хувийг чулуун нүүрс, 17.7-г нь зэсийн хүдэр, баяжмал бүрдүүлсэн дүн бий. Зөвхөн эл хоёр бүтээгдэхүүн нийт экспортын 74.2 хувийг бүрдүүлсэн хэрэг. Гэтэл цаашид зах зээлд түүхий эдийн үнэ хэлбэлзэн, худалдан авагч орны эрэлт буурвал эдийн засгийн өсөлт богино хугацаанд саарах эрсдэлтэй юм.
Ерөнхий сайд уржигдар эдийн засагчидтай уулзсан. Энэ үеэр Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн сэргэлтийн өрхөд үзүүлэх нөлөө, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт болох цалингийн орлогын ДНБ-д эзлэх хувь манай улсад 28 байгааг дурдсан. Энэ нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундаж 40 хувиас харьцангуй бага аж. Мөн хэрэглээний зээлийн өсөлт 35.5 хувьтай байгаа гэнэ. Өрхийн орлого ба зарлагын зөрүү нь хэрэглээний зээлийг өсгөхөд нөлөөлж буй юм байна. Эдийн засагч А.Батпүрэв “Өрхийн сарын дундаж орлого 2.2 сая төгрөгт хүрсэн. Ирэх жил ДНБ 70 их наяд төгрөг буюу нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар болно” гэж шүгэлдэцгээгээд байх.
Гэвч өрхийн бодит орлого 2015 оны үнээр 1.3 сая төгрөг буюу сүүлийн гурван жил дээшлээгүй, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөө гүйцэхгүй хүмүүс улам ядуурч байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр “Монгол Улс дундаж орлогын хавханд орсон гэж хэлэхэд ч гоёдно. Одоо үүнээс ч доошоо орчих гээд байна шүү дээ. Ядуурлын түвшин 30 орчим хувьтай байгаа гэдэг. Гэтэл хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, дундаж орлоготой өрхүүд дээсэн дөрөөн дээр буюу ядуурлын түвшин рүү доош гулсах эрсдэл бий. Манайд дундаж давхарга гэсэн ойлголт байхгүй болох аюул нүүрлэх ч талтай. Худалдан авах чадвар зэргээс харвал дундаж монгол айлын орлого дээшилж байгаа гэхэд хэцүү” хэмээв. Ташрамд дурдахад, аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын медиан цалингийн үзүүлэлтийг харвал 2020 онд сард 900.7, дараа жил нь 951.4, 2022 онд 1.1 сая төгрөг байсан нь чамлалттай тоо.
Манай улс дундаж орлогын хавханд энэ хэвээр удаж, гацаж болохгүй юм. Ирэх онд уул уурхайн экспорт нэмэгдвэл иргэдэд эдийн засаг талаасаа нөлөө үзүүлж арай сэхээ орох нь уу, үгүй юү гэдэг томоохон сорилт хүлээж байна. Гэтэл манай улс богино хугацаанд л харж, эдийн засаг өссөн, амьдрал сайхан байна гэдэг, халамж тарааж, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж, төсвөө үлэмж хэмжээгээр тэлдэг хэвээр. Цаашид популист улс төрч олширч, инфляц дээшилж, бизнесийн бус, хэрэглээний зээл өсөж, төр бизнесүүдийг булааж авсаар, уул уурхайн салбарын нөлөө давамгайлсан хэвээр байвал дараагийн гадаад шок үүсэхэд л эдийн засаг унах ч эрсдэлтэй. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өндөр байлаа гээд орлого их гэсэн үг биш тул хөөрцөглөөд байх зүйл үнэндээ алга. Төсөв ашигтай байлаа гээд бүх зүйл сайхан болчихдог ч юм биш.