Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг “Фүжи Девелопмент” ХХК хэрэгжүүлж буй. Тус компани Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргажээ. Тус асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллалаа.
“Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг ашиглалтад оруулаад буй. Өдгөө Нэхмэлийн шарын 7 дугаар байр буюу гурван давхар хуучин орон сууцны дахин төлөвлөлт дээр ажиллаж байна. Тус байр нь 33 оршин суугчтай байснаас 22–ыг нь өмнө нь ашиглалтад оруулсан барилгуудад оруулжээ. Үлдсэн 11 оршин суугч нь нэг давхартаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг байв.
Тус компанийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай, лифт, аваарын шатны хонгил хийхийн тулд өргөнийг нь таван метрээр сунгах хүсэлт гаргажээ. Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Фүжи Девелопмент” ХХК-ийн хариуцаж байгаа дахин төлөвлөлтийн барилгад инженерийн дэд бүтцийн шугам өртөж байгаа тул барилгын уртаас 20 метр хасах шаардлага үүссэн. Тус компани барилгажих төслийн дагуу барилгын тухайлсан зургийг хийхдээ заасан хэмжээнд тохируулан хийх ёстой. Компанийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай гаргана гэж байгаа боловч анх батлагдсан барилгажилтын төсөлтэй уялдахгүй байгаа тул Хот байгуулалт хөгжлийн газраас тухайлсан зөвшөөрлийг олгоогүй” гэлээ.
Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагуудаас тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байна. Тодруулбал, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан бөгөөд тус компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс "Фүжи Девелопмент" ХХК-ийг нэн даруй илүү татсан хашаагаа эргүүлэн татаж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.