Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар татварын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад татварын нэгдсэн бодлогоор хэрхэн дэмжих талаар нээлттэй хэлэлцэж, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх асуудлаар харилцан санал солилцжээ. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн төрөөс хэрэгжүүлж ирсэн татварын нэгдсэн бодлого болон өмнөх онуудад санаачлан эхлүүлсэн багц өөрчлөлтийн хүрээнд мэдээлэл өгөв. Тэрбээр “Татварын суурь орчныг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх явцад салбар бүрт тулгамдаж буй хүндрэл, ачааллыг тодорхойлохоос гадна татвар нь зөвхөн төсвийн орлого бүрдүүлээд зогсохгүй эдийн засгийг дэмжих хөшүүрэг байх учиртай”-г тодотголоо.
Аж ахуй нэгжүүдийн төлөөллийн хувьд, татварын бааз суурийг өргөтгөх нь чухал ач холбогдолтойг дурдаад, хууль тогтоомжийн хэрэгжилт, хоорондын уялдаа холбоог анхаарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад татварын уян хатан бодлого, оновтой зохицуулалт шаардлагатай байгааг илэрхийлэхийн сацуу ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бэлэн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар зэрэг тухайлсан зохицуулалтуудын хүрээнд шийдэл дэвшүүлжээ. Уулзалтад оролцогчдын зүгээс, ноос, ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд малчид, хоршоодоос түүхий эдээ нийлүүлдэг онцлогтой тул малдчын дунд татварын нэгдсэн систем, эрх зүйн шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн ач холбогдол, хэрэглээг таниулах шаардлагатай байгааг илэрхийллээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар