Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл арваннэгдүгээр сарын 21-нээс хэрэгжиж эхэллээ. Тус төсөл хэрэгжсэнээр баруун бүс, Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн 2 боомтоор холбогдох нөхцөл бүрдэнэ. Ирэх хавар авто замын бүтээн байгуулалтын үндсэн ажил эхлэхээс өмнө хэмжилт, дурдлага, карьерын хайгуул, өрөмдлөг, материалын судалгаа шинжилгээний ажлууд хийгдэх юм. Энэхүү авто замын төсөл хэрэгжсэнээр манай улсын нүүрсний экспорт даруй 10 сая тонноор нэмэгдэнэ.
Мөн Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд тус зам чухал ач холбогдолтой. Тус замын төслийг “Жаргал инвестмент” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, баруун бүсэд тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ачаа тээврийн урсгалыг сайжруулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам