СЗХ-ны өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар нэг компанид биржээр арилждаг хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн нэг компанид үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Тухайлбал, “Novel asset management” компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд ирэх онд уул уурхай, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулах, хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахаар төлөвлөжээ.
Тус хорооны Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хурал болсныг мөн мэдээлэв. Уг хурлаар үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах татвар (capital gain)- ын зохицуулалтын орчин, үүнтэй холбоотой олон улсын туршлагын талаар хэлэлцжээ. Түүнчлэн МУИС-ийн судлаач багш нарын дээрх чиглэлээр хийсэн судалгааны үр дүнтэй танилцсан байна. Бас “Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси” ХХК санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаагаа энэ үеэр танилцуулжээ. Тус компанид “Санхүүгийн чадавхын зэрэглэл тогтоох” тусгай зөвшөөрлийг өнгөрсөн онд олгосноор дотоодын зэрэглэл тогтоох анхны байгууллага болсон юм. Зэрэглэл нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, оролцогчдын эрх ашгийг нэг цэгт төвлөрүүлдэг, бүх оролцогчид хэрэглэх боломж олгодгоороо давуу талтай үйлчилгээ аж. Эл компани нь хөрөнгө оруулагчдад зээлдэгчийн төлбөрийн эргэн төлөлтийн чадавхын талаарх мэдээллийг үнэн зөв өгөх зорилготой бөгөөд тухайн байгууллага, эсвэл гаргаж буй бонд, өрийн бичигт зэрэглэл тогтоодог гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад өнгөрсөн хугацаанд хийсэн зээл, зээлжилтийн талаарх итгэмжлэл, санхүүгийн тайлан нь хэр үндэслэлтэйг харгалзан олгодог үнэлгээ юм байна.
Бэлтгэсэн: Ц.Ундрал