Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) энэ оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 46.5 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10.6 (29.5 хувь) их наядаар өсжээ. Тэгвэл 2015 оны зэрэгцүүлэх үнээр 21.7 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 1.4 (6.9 хувь) их наядаар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. ДНБ ийнхүү 6.9 хувиар өссөний -1.6 нэгж хувийг хөдөө аж ахуй, 3.4 нэгж хувийг уул уурхай, олборлолт, 0.4-ийг нь аж үйлдвэр, барилга, 4.1-ийг нь үйлчилгээний салбар, 0.6-г нь бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн аж. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн 1-9 дүгээр сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 320.1 тэрбумаар буурсан нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.6 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлжээ. ул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг дээрх хугацаанд 2.7 их наяд болсон нь 2022 оны мөн үеийнхээс 683.1 тэрбумаар нэмэгдсэн дүн юм. Нүүрс, газрын тосны олборлолт өссөн нь үүнд голлон нөлөөлсөн аж. Мөн аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг энэ оны эхний гурван улиралд 2.4 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийнхээс 87.2 тэрбумаар илүү гэсэн үг. Эргэн сануулахад, Монгол Улсын эдийн засгийг энэ онд 5.7, ирэх жил 5.9 хувиар өснө хэмээн таамагласнаа Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байв.
Бэлтгэсэн: Б.Сонор