Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Шинэ сэргэлтийн бодлогын талаар мэдээлэл өглөө. Тодруубал, Засгийн газрын гол бодлого нь хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлнэ гэдгийг тодотгосон юм. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшил 78 хувь, төр 22 хувийг эзэлж байна. Цаашид Засгийн газар хувийн хэвшлийг дэмжихийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдах хуулиуд, Чөлөөт худалдааны хэлэлцээр, Байгаль орчны үнэлгээ хийлгэх зохицуулалтыг өөрчлөхөөр төлөвлөж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монголын бизнесийн орчны нөхцөл байдал, бизнесийн сэргэлт” илтгэлдээ, Монголын бизнесийн орчны үнэлгээ 2023 онд 2020 оноос 4.03 хувиар буурсан. Тэр дундаа уул уурхай, аялал жуулчлалаас бусад эдийн засгийн салбаруудад бизнесийн орчны үнэлгээ эрс багассан байна. Бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд татварын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, бизнесийн зээлийн хүүг бууруулах зайлшгүй хэрэгтэй байгаа”-г дурдлаа.
Мөн үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, авлига хүнд суртлыг бууруулах, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлдэх тогтолцоог өөрчлөх зэрэг санал хувийн хэвшлийнхэнд байгааг танилцууллаа. Хэлэлцүүлэгт бизнесийн салбарын 90 гаруй төлөөлөгч оролцон татварын орлого , мөнгөний ханш, гадаадын хөрөнгө оруулалтын орчин , хил гаалийн чөлөөт хэлэлцээрийн асуудал, тээвэр логистик, хүний нөөцийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх, ойрын хугацаанд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг яаралтай баталж өгөх талаарх саналуудыг хэлж байв.