Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотойгоор улс орнууд эрчим хүчний шилжилт хийхэд эргэлзэлгүй чармайж, тогтвортой хөгжлийн хэрэгжүүлэхэд анхаарч буй. Эрчим хүчний шилжилтэд нарны панел, цахилгаан автомашин, салхин цахилгаан станц ашиглах зэрэг нь нөлөөтэй. Тэгвэл ногоон, өндөр технологийн түүхий эд нь литий, кобальт, зэс, никель, хөнгөн цагаан зэрэг эрдэс гэнэ.
Өдгөө цөөнгүй орон 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэхийг зорьж байгаа. Тухайлбал, Норвег улс 2025 он гэхэд 100 хувь цахилгаан автомашинтай болохоор төлөвлөж буйг энд дурдаж болно. Дэлхий даяар одоогоор 26 сая гаруй цахилгаан автомашин унах болсон нь 2021 оныхоос 60 хувиар илүү гэсэн үг. “Toyota” компанийнхан цахилгаан автомашиныг ердөө 10 минут цэнэглээд 1200 км зам туулах боломж бүрдэнэ хэмээн саяхан мэдэгдсэн билээ.
“Tesla” гэхэд энэ оны эхний зургаан сард АНУ-д 325 291 цахилгаан автомашин борлуулсан байна. Өдгөө уул уурхайн болон автомашин үйлдвэрлэгч компаниуд шууд хамтран ажиллах болоод буй. “Tesla”, BHP компани хоорондоо шууд гэрээ хийснийг энд жишээлж болно. Байгаль орчинд ээлтэй байх зорилтоос үүдэн цахилгаан автомашины зах зээл 2050 он гэхэд 57 их наяд ам.долларт хүрэх таамаг бийг ч “Bloomberg” мэдээлжээ.
Эрчим хүчний шилжилтийн гол орцын нэг болох зэс, литийн нөөц Монголд бий. Гагцхүү потенциалтай гэж хэлээд л суугаад байж болохгүйг газрын ховор элементийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөл онцолсон юм. Манай улсын хувьд 14 жил ажилласны үр дүнд Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн. Мөн “Xanadu mines” компани зэсийн “Хармагтай” төсөл хэрэгжүүлж буй. Монгол Улс АНУ, Япон, ХБНГУ, БНСУ, Францтай газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцэж байгаа. УУХҮ-ийн сайдын хэлснээр газрын ховор элемент олборлож, нийлүүлэхэд 5-10 жилийн хугацаа хэрэгтэй аж. Тэгвэл төсөл нь гараанаас хэдийн хөдөлж, олборлолт нь цаашид нэмэгдэх зэс эрчим хүчний шилжилт хийхэд ямар “дүр”-д тоглох бол?
Хүн төрөлхтөн зэсийг хэдэн арван мянган жилийн өмнө ашиглаж эхэлсэн ч дэлхийн дулаарлыг удаашруулах, нүүрстөрөгчийн ул мөрийг (carbon footprint) арилгахад ач холбогдолтой эрчим хүчний шилжилтийн технологийн чухал “бүрэлдэхүүн” болох уг металлын эрэлт өдгөө хэзээ хэзээнийхээс ихэсжээ. Шаргал металлын нийлүүлэлтийн хэмжээ, дутагдал нь эл шилжилт хийх явц удаашрахад нөлөөлж ч магадгүй хэмээн CNBC мэдээлээд, энэхүү түүхий эдийн хомсдол 2030 он хүртэл үргэлжилж болзошгүй гэв. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд нөлөөлнө хэмээн үзэж буй учраас тэр. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга дэлхий даяар агаарын хэм “буцалж” буй эринд шилжиж байгааг анхааруулсан билээ. 1864 онд байгуулагдсан, Норвег дэх DNV компанийнхны дүгнэснээр улс орнууд үүний эсрэг дахин боловсруулах, технологийн шинэчлэл хийх зэргээр хариу арга хэмжээ авах шаардлагатай аж. Мөн тогтвортой хөгжлийг хангахад нөлөөтэй зэсийн нийлүүлэлтийг дэмжих зорилгоор олон улсын болон хувийн хэвшлийн оролцогч талууд хамтран ажиллаж, хөрөнгө оруулах хэрэгтэй гэнэ.
“S&P global market intelligence”-ийн тооцож буйгаар 2035 он гэхэд зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ 50 орчим сая тонноор давах төлөвтэй байна. Үүнд цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний болон цахилгаан хураагуурын систем, орчин үеийн тоног төхөөрөмж зэргийн үйлдвэрлэл нөлөөлөх аж. Нөгөөтээгүүр, хотжилттой холбоотойгоор цахилгаан дамжуулах кабелийн хэрэглээ ихсэх хандлагатай гэнэ. Гэвч уурхайнуудын зэсийн агууламж буурч, орд илрүүлэх нь цөөрч, уг таваарыг үйлдвэрлэдэг бүсүүдэд геополитикийн хүндрэл үүсэж байгаа нь нийлүүлэлтэд нөлөөлж байна.
СОРИЛТ БА БОЛОМЖ
Эрчим хүчний шилжилтийн гол технологи болох нарны хавтан, салхин цахилгаан станцын турбин, цахилгаан кабель, эрчим хүч хадгалах системийн чухал орцын нэг зэсийн хомсдол нь нүүрстөрөгчийнялгаруулалтыгбууруулах зорилтод хүрэх хугацааг хойшлуулж, цэвэр эрчим хүч ашиглахад сорилт болж болзошгүй тул улс орнууд санаа чилээж байгааг DNV компанийнхан тодотгов. Дэлхийн зэсийн эрэлт өдгөө жилд 25 орчим сая тонн байгаа бол цахилгаанжуулалтаас шалтгаалж 2031 он гэхэд эл тоо 36.6 саяд хүрнэ хэмээн “McKinsey & company” төсөөлжээ. Мөн тэр үед суурь металлын нийлүүлэлт барагцаалбал 30.1 сая тоннд хүрнэ гэж таамагласан байна. Өөрөөр хэлбэл, ирэх арван жилийн эхэнд 6.5 сая тонн зэсийн хомсдол үүсэх нь. “Goldman sachs” банкны шинжээч Адити Рай “2020 оны байдлаар зэсийн нийт эрэлтийн төдийлөн өндөр бус хувийг “ногоон” хэрэглээ эзэлж байсан бол 2030 он гэхэд 17-д хүрнэ гэж бид тооцсон.
Нүүрстөрөгч ялгаруулахгүй байх “зам”-аар явснаар 2030 он гэхэд эл металлын эрэлт даруй 54 хувиар нэмэгдэнэ хэмээн төсөөлснөө тэрбээр дурдсан нь анхаарал татаж байна. Иймээс дунд, урт хугацаанд зэсийн эрэлтийг хангах чадавхыг нэмэгдүүлэхийг улс орнууд чармайх хэрэгтэй аж. Гэвч зэсийн олборлолтоор бөмбөрцөгт тэргүүлдэг (нийлүүлэлтийн 30 орчим хувь нь ногддог гэх нь бий) Чилийн үйлдвэрлэл 2022 оны арваннэгдүгээр сард өмнөх жилийнхээ мөн үеийнхээс долоон хувиар буурсан статистик байна. “Goldman sachs”-ынхан Чили улсын үйлдвэрлэл 2023-2025 онд багасна хэмээн энэ жилийн эхээр итгэлтэй дуугарсан юм. Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 11 орчим хувь нь ногддог Перу улс дахь Антапаккай уурхайд эсэргүүцэгчид байраа шатаасны улмаас гигант тодотголтой “Glencore” компани олборлолтоо зогсоосноо энэ оны эхэнд мэдэгдсэн билээ.
Төв Африкийн Конго, Замбигийн уурхайгаас шинээр бүтээгдэхүүн нийлүүлж буй ч хэмжээ нь төдийлөн их бус, зэсийн хамгийн том ордууд Өмнөд Африкт байрладаг хэвээр байх аж. Индонезэд зохицуулалтын орчин байнга өөрчлөгддөг нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг “Fitch ratings” саяхан сануулсан юм. Тухайлбал, тус улс зэсийн баяжмалын экспортдоо хориг тогтоосон нь төсөл хэрэгжүүлэгч компанийн орлого багасахад нөлөөлөхөөр байгаа гэнэ. Эндээс харвал, цаашид зэсийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү ихсэх нь. Тэгэхээр ханшийнх нь өсөлтөөс ашиг хүртэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж манайд үүсэж байгаа юм. Оюутолгойн уурхайн 1300 метрийн гүнээс олборлолт хийж буй Монгол Улсын хувьд энэ бол таатай мэдээ. Учир нь манай улс тэргүүлэх зэс үйлдвэрлэгч орнуудын нэг болох эхлэлээ тавьж чадсан билээ. Улс орнуудын зэсийн нийлүүлэлт тасалдан, эрэлт нь өсөж, дэлхий даяар эрчим хүчний шилжилт, технологи, инновацад анхаарч буй өнөө үед Монголын үйлдвэрлэл тогтвортой байж, экспортод нүүрснээс гадна уг таваарын үүрэг нэмэгдэх нь төсвийн орлого дээшлэхэд нөлөөлөх юм.
Дэлхийн зэсийн хэрэглээний бараг тал нь ногддог, батарейн үйлдвэрлэл, өндөр технологийн боловсруулах зах зээлд тэргүүлэгч БНХАУ-ын хөрш гэдэг нь ч бидний давуу тал. Манай улс энэ оны 1-10 дугаар сард 12.47 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсны дийлэнх буюу 85.9 хувийг нь (10.71 тэрбум) эрдэс бүтээгдэхүүн эзэлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Үүний ихэнхийг нүүрс, зэсийн баяжмал эзэлсэн юм. Эдгээрийг манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой түүхий эд гэж тодотгоход буруудахгүй. Гагцхүү 2024- 2026 он хүртэл “харалт”-ны, тэр дундаа эрчим хүчний нүүрсний эрэлт Ази, Номхон далайн бүсэд өсөх төлөвтэй ч 2026 оноос багасах хандлагатайг судлаачид тэмдэглэжээ. Мөн 2035 он гэхэд улс орнуудын газрын тос, эрчим хүчний нүүрсний эрэлт буурах төлөвтэй гэнэ. Товчхондоо, манай улсын экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлэгч нүүрсний эрэлт цаашид багасна. Харин шинээр үүсэж буй эрэлт их тул эрчим хүчний шилжилтэд ач холбогдолтой, критикал минералын нэг гэгдэж байгаа зэсийнх өсөх нь. Тэгэхээр урт хугацаанд эрэлттэй байх эрдсийн олборлолтыг нэмэгдүүлж, хайгуул хийх, дараагийн төслийг хэрэгжүүлэх зэрэгт анхаарах шаардлага тулгарч байна.
ДЭЛХИЙН ЖИШГЭЭС ХОЦОРЧ БАЙНА
Салбар бүрийн оролцоо эрчим хүчний шилжилтэд их гэдэг нь ойлгомжтой. Бусад салбарыг “ногооруулахад” нөлөөтэй түүхий эд олборлодог эрдэс баялгийн салбар ч үүнд ихээхэн үүрэгтэй нь дамжиггүй. Манай улс ч үүнд анхаарахыг зорьж буй юм билээ. Өнгөрсөн сард болсон “Mining week” арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол”-ын төлөөлөл уурхайн автоматжуулалтыг хөгжүүлэхэд анхаарахаа мэдэгдсэн юм. Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс мэдээлснээр цахилгаан машин, машин механизмыг хэсэгчилсэн буюу бие даасан шинэ, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бичил сүлжээнүүдтэй хослуулан ашиглах нь далд болон ил уурхайн аль алинд нь илүү үр ашигтай, тогтвортой, аюулгүй үйл ажиллагаа явуулах ач холбогдолтой аж. 100 тоннын хүчин чадалтай, дизелийн түлшээр ажилладаг, хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад 120 тоннын даацтай цахилгаан, хүнд даацын тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал 20, дизелийн түлшнийх нь 40 хувиар бага төдийгүй хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувь буюу жилд 1500 тонноор бууруулах боломжтой гэнэ.
Манай улсын хувьд уурхайн олборлолт, ашиглалтын зардлын нэлээд хувийг дизелийн түлшнийх эзэлдэг бөгөөд импортоос бүрэн хамааралтай тул эдийн засгийн аюулгүй байдалд нэн эмзэг асуудал юм. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс жилд нэг сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж байв. Тэгвэл АМГТГ-аас мэдээлснээр энэ он гарснаас хойш хоёр сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны дийлэнх буюу 1.1 сая нь дизелийн түлш байсан нь өндөр тоо. Дэлхийн жишгээс хоцорч буй нь эндээс харагдана.
Харин гадаадын компаниуд дэвшилт технологид суурилан илүү үр ашигтай, аюулгүй, нар, салхин цахилгаан станцаас эрчим хүчээ хангах, шатахууны хэрэглээгээ багасгах зэргээр үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй явуулахыг эрмэлзэх болжээ. Аж ахуйн нэгж, улс орнууд байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар ийнхүү эрчим хүчний шилжилт хийж байгаатай холбоотойгоор газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлэгч Саудын Араб газар нутагтаа хайгуул хийж, зэс, литийн орд олохоор ажиллаж буй агаад 10, 20 жилийн дараа хэрхэхээ төлөвлөж амжсан гэнэ лээ. Мөн хөрөнгө оруулагчдыг ч эл ажилд оролцохыг уриалж буй аж.