"Олон улсын худалдааны танхимуудын худалдаа, хөрөнгө оруулалтын IX чуулган"-ыг “Нээлттэй ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд ахиц гаргацгаая” сэдвийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. БНХАУ-ын Ши-Ань хотын Олон улсын худалдааг дэмжих хороо, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны товчоо, Хятадын Олон улсын худалдааны танхимын Ши-Ань дахь худалдааны танхим болон олон улсын бизнесийн зөвлөх компани хамтран оролцжээ.
"Бүс ба Зам" санаачилгын хүрээнд оролцогч талуудын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын солилцоог бэхжүүлж, Ши-Аний аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Тус чуулганд МҮХАҮТ-ын Ши-Ань хот дахь төлөөлөгч М.Дэлгэржаргал болон Беларусь Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Казахстан Улсаас Ши-Ань хотод суугаа Ерөнхий консулын газар, Киргизстан Улсын Худалдааны төлөөлөгчийн газар болон Малайзын Гадаад худалдааг дэмжих төв, Иран-Хятадын ХАҮТ, Арабын бизнес эрхлэгчдийн форум, Киргизийн ХАҮТ, Хятад-Мексикийн худалдааны танхим, Шинэ Зеландын Окландын худалдааны танхим, Орос-Хятадын худалдааны танхим, Камероны Бизнесийн холбооны төлөөлөгчид оролцжээ.
Олон улсын Худалдааны танхимуудын төлөөлөгчдөөс гадна ОХУ-ын Енисей Сибирийн Девелопмент Групп, Казахстаны Хөрөнгө оруулалтын компани, Монголын "The Chi Mu Supply", Хятад-Казахстаны Торгоны зам худалдаа компани, Шааньши сансар огторгуйн технологийн хэрэглээний судалгааны хүрээлэн, Ши-Aнь ногоон рашаан технологи зэрэг Хятадын болон гадны 150 гаруй компани, байгууллагын төлөөлөгч оролцсон байна. Ши-Ань хотын зүгээс Шинэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Эрчим хүч, Автомашины үйлдвэрлэл, Барилгын үйлдвэрлэлийн танилцуулга мэдээлэл хийлээ. Мөн чуулганы үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөгчид уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.