Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр 2022 оны аравдугаар сард ”Эрчим хүч хэмнэх гэрээний хариуцлагын даатгал”-ыг бүртгэж эхэлсэн. Эрчим хүч хэмнэлтийн даатгал нь манай улсын даатгалын зах зээлд харьцангуй шинэ бүтээгдэхүүн. Тэгвэл эрчим хүч хэмнэлтийн даатгалыг аж ахуйн нэгжүүдэд танилцуулжээ.
Эрчим хүчний хэмнэлт гаргах үүрэг хүлээсэн хэрэглэгч гэрээгээр хүлээсэн хэмнэх тооцоондоо хүрээгүй, эрсдэл хүлээх тохиолдолд тухайн даатгагч компаниас хэмнэгдээгүй эрчим хүчний дүнгээр нөхөн төлбөр олгох нөхцөлтэй хоёр талын итгэлцлийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах зорилготой даатгал юм. Энэхүү даатгалыг Дэлхийн уур амьсгалын ногоон сангийн тусламжтайгаар Хас банк санхүүжүүлж, зөвлөх үйлчилгээг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хамтрагч Швейцарийн BASE (Basel Agency For Sustainable Energy) компани холбогдох суурь судалгааг хийсэн билээ.
Эрчим хүч хэмнэх гэрээний хариуцлагын даатгалыг нийтэд танилцуулах үйл ажиллагааг Хас банк Тэнгэр даатгал компанитай хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Санхүүгийн зохицуулах хороо, эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 60 компанийн төлөөлөл нийт 120 гаруй хүмүүс оролцож, энэ төрлийн даатгал, түүний ашиг тусын талаар мэдээлэл авч, санал солилцжээ.
Энэхүү даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд өргөн нэвтрүүлснээр цаашид ногоон худалдан авалтад ашиглан санхүүжилтийн эх үүсвэр, олон улсын хамтын ажиллагаа, эрчим хүчний салбарт ногоон хөгжлийн чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд ашиглах, нүүрстөрөгчийн ялгарал багатай ногоон эрчим хүчинд шилжих, эрчим хүчний системийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм.