Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, 2023 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар салбарын сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Мал, махны экспорт, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, дотоодын махны нөөц бэлтгэл, борлуулалтыг өсгөх зорилгоор нэгдсэн худалдаа зохион байгуулах, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг үнэлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэр боловсруулан танилцуулахыг түүнд даалгасан байна. Мөн хүнсний болон тэжээлийн улаан буудайн борлуулалтыг эрчимжүүлэх, ирэх оны тариалалтад хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үрийн нөөц бүрдүүлэх, байгалийн эрсдэлд өртсөн тариаланчдын зээл төлөлтийг хойшлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Х.Болорчулуунд даалгасан аж.
Салбарын сайдын мэдээлснээр ургац хураалтын урьдчилсан дүнгээр 456 мянган тонн үр тариа, үүнээс 434 мянган тонн улаан буудай, 175 мянган тонн төмс, 183 мянган тонн хүнсний ногоо, 253 мянган тонн тэжээлийн ургамал, 50 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Ингэснээр улаан буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж буй юм. Улаан буудайн үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 32 мянган тонн буюу найм, хүнсний ногооных 35 мянган тонн буюу 23, малын тэжээл 82 мянган тонн буюу 45 хувиар өсжээ. Хүнсний ногооны тариалалт нэмэгдэж энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан авсныг мөн дурдлаа.
Бэлтгэсэн: Б.Сонор