”Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран барих, хилийн түр гарц нээх, журам тогтоох асуудлаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн тохиролцох хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн БНХАУ-ын Төмөр замын газар, “Чайна энержи групп” ХХК, “Чайна энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн төлөөлөл арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод ажиллалаа.
Монгол талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр, БНХАУ-ын талаас Улсын төмөр замын газрын төлөвлөлт, стандартын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Дан Ли, “Чайна энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн хил дамнасан төмөр замын төсөл хариуцсан захирал Ван Шань Жүн нар болон бусад ажлын хэсгийн гишүүд Гашуунсухайт-Ганцмод боомт, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, Гашуунсухайт өртөө, шилжүүлэн ачих терминал төслүүдтэй танилцлаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа бол бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ. Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг холбох төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар жилд 30-50 сая.тн хүртэлх нүүрсийг экспортод гаргах юм.