Засгийн газрын хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ 450 мянган тонн үр тариа, 435 мянган тонн улаанбуудай, 175 мянган тонн төмс, 183 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа. Ингэснээр үр тариа 8, хүнсний ногоо 23 хувиар өсөж, малын тэжээл 45 мянган тонноор илүү хураажээ. Энэ жилийн хувьд сүүлийн 7-8 жил хураан аваагүй ургац авсан. Харин 100 орчим мянган тонн улаанбуудайн ангилал буурч, тэжээл рүү шилжиж байна. Цар тахлын өмнө манай улс нийт хүнсний ногооны хэрэгцээнийхээ 45 хувийг хангадаг байсан бол 85 хувь боллоо. Ирэх жил 90-100 хувь хангах нөхцөл бүрдэнэ. Энэ жил 185 мянган тонн найман төрлийн хүнсний ногоо хураан авсан учраас хүнсний ногооны үнэ өсөхгүй. Мөн анхны цаснаар нийт нутгийн 60 гаруй хувь цасан бүрхүүлтэй болж, зудын байдалтай байна. Энэ өвөл 69 сая толгой мал өвөлжинө. Хадлан тэжээл хангалттай хураан авсан. Улсын хэмжээнд 1.2 сая тонн хадлан, 118 мянган тонн ногоон тэжээл, 61 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 48 мянган тонн гар тэжээл, 81 мянган тонн давс хужир бэлтгэлээ. Улсын хэрэгцээт хадлан тэжээлийг зүүн гурван аймгаас бэлтгэдэг. Мөн гадагшаа өвс экспортод гаргахыг хориглосон” гэлээ.