МУИС-ийн III байрыг энэ онд багтаан буулгаж, ирэх хавар барилгын ажил эхлүүлэхээр яаравчилж эхэллээ. Өмнө нь танхимууд дахь эд хогшлыг гаргаж, цонхнуудыг нь авч, буулгах бэлтгэлээ хангаж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос хөлдүү газрыг өдөр, шөнөгүй өрөмдөн байж хамгаалалтын хашлага хатгасан. Улмаар уржигдраас барилгыг буулгаж эхэллээ.
Тус сургууль “МУИС кампус” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хичээлийн III байраа нураахаар төлөвлөснөө мэдээлж байв. Тиймээс оюутнуудаа “Улаанбаатар” сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн байранд хичээллүүлэх болсон юм. Оюутнууд өөр байранд хичээллэхэд тохиромжгүй байгаа талаар олон удаа сургуулийнхаа удирдлагуудад хандсан ч тусыг ололгүй өдий хүрчээ.
Уг үйл явдалтай холбогдуулан Улаанбаатар хотын эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр цахим хуудсандаа “Хот гэдэг эхлэл цэгээсээ өнөөг хүртэлх цаг үеийн оюун санаа, амьсгалыг тээсэн соёл, түүхийн орон зай. Зөвхөн одоо цагт амьдраад, бүхнээ буулгаж шинэчлээд явбал бид өмнөх үеийн монгол иргэдийн бүтээсэн оюун санаа, орон зайгаар илэрхийлсэн үзэл санааг алдаад зогсохгүй, хотынхоо түүхэн хөгжлийн турш бий болсон амин сүнсийг устгана гэсэн үг. Алдана ч гэж алдаад дууслаа. Сүүлийн 30 жилийн Улаанбаатарын түүх бол хотынхоо төвд шигдсэн, чигжсэн л үйл явдал юм. МУИС-ийн байруудыг буулгаж, өндөр барилгууд барих, Урт цагааныг буулгаж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь хотынхоо төвд бүхнийг төвлөрүүлэх үзэл санааны үргэлжлэлээс өөр юу ч биш. Хотынхоо төвтэй бага зууралдаж, тэлж хөгжүүлэх шаардлагатай” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байлаа.
Үүнээс гадна Монголын анхны архитектор Б.Чимидийн зураг төслөөр барьсан СЭЗИС-ийн төв байрыг өнгөрсөн есдүгээр сард нураасан нь олон нийтийн, ялангуяа мэргэжлийн судлаачдын шүүмжлэлийг дагуулж байсан билээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн