Засгийн газраас төр бүх ажил, үйлчилгээг хийж, өөртөө ачаа үүрүүлэх шаардлагагүй гэж үзэн, заримыг нь хувийн хэвшлийн компани, мэргэжлийн холбоодод шилжүүлж эхэлсэн. Үүний нэгэн жишээ нь Баянзүрх дүүргийн хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд өнгөрсөн сард шилжүүлсэн нь юм. Нийслэлд анх удаа хог ачих үйлчилгээг хувийн байгууллагад шилжүүлснээр ямар үр дүн гарч байгааг сурвалжиллаа.
ХОГ АЧИХ ТОГТСОН ӨДӨРГҮЙ БОЛЖЭЭ
Баянзүрх дүүрэг хороодоо бүсчлэлд хуваан, нийтлэг үйлчилгээний зургаан компанийг ажиллуулж буй гэнэ. Одоогоор нэг бүсийн компанийг хараахан шалгаруулаагүй тул нийслэлийн өмчийн Нийтлэг үйлчилгээний газар нь ажилласаар байгаа аж. Харин таван бүсийг хариуцсан компаниуд нь хэдийн ажлаа хүлээн авчээ. Тухайлбал, хог тээврийн үйлчилгээг тус дүүрэгт 2022 оноос хувийн хэвшлийн “МНТ Эрдэнэс”, “Эймасс” компани явуулж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа нь хэдийн жигдэрчээ. Тэгвэл өнгөрсөн сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Цагаанаа Амка”, “Лонг балюстрад”, “Үйлст мандал” компанийн үйл ажиллагаа хараахан жигдрээгүй байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлд зам, талбайн цас цэвэрлэх ажил ид үргэлжилж байв. Явган хүний болон авто замыг тохижилт үйлчилгээний ажилчид өглөөнөөс орой хүртэл хүрз, жотуу барин цэвэрлэж байгаа дүр зургийг Сүхбаатар дүүргээс харж болно. Тэдэнд зориулалтын багаж хэрэгсэл алга. Тэгвэл Баянзүрх дүүрэгт ч адил байлаа. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилд шилжүүлсэн ч тохижилтын ажилчид гараараа цас цэвэрлэсээр байгаа аж. Ихэнх нь хуванцар хүрз барин, машинаа бага багаар хөдөлгөн, замын хажуугийн цасыг ачиж байлаа. Бидэнтэй зөрсөн хог тээврийн ихэнх машин цас ачсан байв. Хогийн цэг хайсан ч олон таарсангүй. Таарсан хогийн цэгийн хашлага нь дүүрч, ачих цаг хэдийн болсон нь харагдлаа.
Иргэд дүүргийнхээ цахим хуудсанд “Хог ачиж байгаа хүмүүсийнхээ харилцаанд анхаарах хэрэгтэй. Хувьчлагдсан гээд танай хогийг ачихгүй, хорооны даргадаа хэл гэх юм. Хорооны даргад энэ талаар хэлтэл ачуулна гэж хэлээд алга болсон. Тогтсон өдөртэй болчихвол хэзээ ачих вэ, ачсангүй гэсэн шүүмжлэл гарахгүй. Зарим хэсэгт хур хог үүсээд байна” гэх зэргээр шүүмжилсэн байлаа. Нийтлэг үйлчилгээний газар хувьчлагдах болсноор зарим хороонд сүүлийн гурван сар хуваарьт хугацаандаа хог ачаагүй нь иргэдийн шүүмжлэлийг дагуулжээ.
Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн хог тээврийн үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлснээр өрсөлдөөн бий болж, үйлчилгээ нь сайжирна гэдгийг онцолсон. Аж ахуйн нэгжүүд дүүргийн Татварын хэлтэст хог хаягдлын хураамж төлнө. Хураамж нь ИТХ-аар баталсан, аж ахуйн нэгжүүдийн төрөл, үйл ажиллагааны хүрээнээс хамаараад янз бүр байдаг аж. Аж ахуйн нэгжүүд тус албатай гэрээ байгуулснаар дүүргийн хог ачилтыг хариуцдаг байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой. Зарим аж ахуйн нэгж хувийн компанитай гэрээ байгуулсан байдаг тул түүгээрээ үйлчлүүлдэг. Айл өрхийн хувьд гэрээ байгуулах шаардлагагүй гэнэ. Тухайн дүүрэгт л амьдарч байгаа бол төрийн үйлчилгээнд тэгш хамрагддаг. Хог ачих ажлыг хувийн хэвшилд шилжүүлснээр удирдлага, захиргааны албаны хүмүүс, хог тээврийн машинууд нь солигдсон байна. Хог тээврийн компаниуд хуваарийн дагуу ачих үүргийг гэрээний дагуу хүлээдэг. Мөн орчны цэвэрлэгээ хийсэн байх, хур хаягдал үүсгэхгүй байх зэргийг гэрээнд тусгажээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баянмөнх “Хог тээврийн ажлыг хувийн хэвшилд шилжүүлснээр төсвийн дарамт багассан. Хог тээврийн төсвийн мөнгийг аж ахуйн нэгжүүдэд хуваарилснаар тэд захиран зарцуулах боломж бүрдэж буй” гэв.
ТҮК-ийн үйл ажиллагаанд хороодын Засаг дарга нар хяналт тавин ажилладаг байна. Хороодын дарга нарын хэлснээр хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлснээр шуурхай, менежменттэй болж, хүний нөөц нь сайжирсан гэнэ. Гэтэл Баяндөхөмийн гудамж, Гачууртын зуслангийн айлууд хогоо өнгөрсөн есдүгээр сараас хойш ачуулаагүй аж. Ачилгүй хоёр сар болсноос хур хог ихэсжээ. Үүний шалтгааныг хороодын хэсгийн ахлагч нараас тодруулахад тус бүсэд “Үйлст мандал” компани үйлчилгээгээ дөнгөж өнгөрсөн долоо хоногоос л үзүүлж эхэлснийг хэлсэн юм. “Үйлст мандал” компанийн менежер “Өнгөрсөн долоо хоногт 20, 30 дугаар хорооны хог хаягдлыг ачиж дуусгасан. Төвийн бүсийн хаягдлыг саяхнаас ачиж эхэллээ. Үүсмэл хаягдал ихтэй тул ачих ажил удаашралттай байна” гэв. Цас орсны улмаас хогоо ачихын хажуугаар цас зөөх ч хэрэг гарсныг тэрбээр онцолсон.
Баянзүрх дүүрэгт хог тээврийн үйлчилгээг төр хариуцаж байхад зардал нь жилд дунджаар 12 тэрбум төгрөг байсан аж. Хувийн компанид шилжсэн ч энэ дүн ижил гэнэ. Нэг бүсэд үйлчлэх компанийн тендерийг ирэх сарын 4 гэхэд дахин зарлах юм байна. Байгууллагууд ажлаа эхлүүлээд жигдрэх гэж багадаа нэг сар болох гэнэ. Тиймээс хог ачих төлөвлөгөө зарим хэсэгт гараагүй байв.
Н.БИЛЭГСАЙХАН: ХУВИЙН КОМПАНИУД МЕНЕЖМЕНТИЙН САЙН ШИЙДЛИЙГ ГАРГАЖ ИРЛЭЭ
Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайханаас хог ачих үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлснээр гарах үр дүнгийн талаар тодрууллаа.
-Хог тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа хэзээнээс жигдрэх төлөвтэй байна вэ?
-Баянзүрх дүүрэг 2022 онд хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх санаачилга гаргасан. Тухайн үед нийтлэг үйлчилгээний дөрвөн байгууллагын үйл ажиллагаа доголдолтой байсан юм. Хог тээврийн үйл ажиллагааг жигд явуулахын тулд хороодоо зургаан бүсэд хуваасан. Хоёр бүсийн хог тээврийг хувийн хэвшилд 2022 онд шилжүүллээ. Бусад бүсэд энэ нь туршлага болж байгаа. Төрийн байгууллагынхан хувийн хэвшлийнхэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа, эсэхийг хянана. Иргэдийн гомдол, санал багассан. Хувийн хэвшлийнхэн менежментийн сайн шийдлийг гаргаж ирлээ. Гэрээгээр хүлээсэн үүрэг, гүйцэтгэлийн үнэлгээг шууд хянадаг механизм руу шилжсэн. Хувийн компаниудад зардал багатайгаар хог тээврийн үйд ажиллагааг хэвийн түвшинд явуулах шаардлага тавьж байгаа.
-Гэрээгээр хүлээх үүрэгт ямар заалтууд багтсан бэ?
-Хог тээврийн үйлчилгээг батлагдсан хуваарийн дагуу тогтмол үзүүлэх шаардлагатай. Түүнчлэн иргэд гомдол, санал гаргахгүй байх нь чухал.
-Айл өрхийн хог хаягдлын төлбөрийг нэмэх үү?
-Хог хаягдлын төлбөр орон сууцын айлуудынх сарын 2500, гэр хорооллынх нь2000 төгрөг байдаг. 2017 онд баталсан Хог хаягдлын тухай хуулиар бол хог хаягдлын хураамжийг иргэнээр тооцож авахаар заасан ч хэрэгжүүлж чадахгүй байгаа. Хог хаягдлын хураамжийг ам бүлийнх нь тоогоор тооцож авах ёстой ч хуулийг хэрэгжүүлэх хэцүү. Учир нь хог хаягдлын хураамжийг өдгөө айлуудын цахилгааны төлбөр дээр нь нэмж авдаг. Тусад нь авна гэвэл иргэд төлөхгүй. Манайх шиг айл өрхөөр нь тооцон төлбөр авдаг жишиг хаана ч байхгүй.
-Хувийн хэвшилд шилжүүлснээр цаашид хогийг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг давуу тал бий болох уу?
-Манай улсад хамгийн дутагдалтай зүйл бол дахин ашиглах боломжтой хаягдлыг боловсруулах үйлдвэрийн хүчин чадал маш бага. Манай дүүрэг энэ жил хог дахин боловсруулалтаараа нийслэлд шилдэг болох зорилго тавин ажиллаж байна. Үүний хүрээнд дахивар авдаг, цуглуулдаг цэгүүдтэй болно. СӨХ хогоо ангилаад, боловсруулах үйлдвэрт аваачиж өгөхөөр үнэ ханш ньбага, шатахуунызардалд ч хүрдэггүй. Тиймээс иргэд үүнийг ашиглах боломжгүй хогтойгоо нийлүүлээд хаячихдаг. Зарж болох зүйлийг мөнгө гаргаад тээвэрлэж, булаад байна гэсэнүг. Нийслэлээс газар өгвөл манайх дүүрэгтээ дахивар аваад, боловсруулах үйлдвэр барина. Цагаан сарын үеэр дүүргийн иргэдээ хамруулсан их цэвэрлэгээ хийсэн. Эндээс 1500 тонн хог гарч байлаа. Дахивар бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрт тушаавал 20 орчим сая төгрөг болох зүйлийг дүүргийн төсвөөс 56 сая төгрөг зарцуулан тээвэрлэж булсан.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн